“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын захирал Б.Баярдаваа, Метан хийн төслийн удирдагч Ц.Үнэнбат тэргүүтэй төлөөлөл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings Ltd компанийн Гүйцэтгэх захирал Joe Burke-тэй уулзаж, доорх асуудлуудлаар санал солилцлоо. Уулзалтаар:
Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн салбарыг хөгжүүлэх боломж, олон улсын хөрөнгө оруулалтын орчин, төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагаа
Метан хийн төслийн судалгаа, хайгуул, хөгжүүлэлтийн ажлыг эхнээс нь хамтран хэрэгжүүлж ирсэн туршлагад тулгуурлан шинэ шатны хөгжлийн асуудал
Олон улсын стандарт, шилдэг туршлага, хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчмыг нутагшуулах нь төслийн амжилтын үндэс болохыг онцолсон юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бий болгоход бодит үр дүн, ил тод засаглал, тогтвортой үйл ажиллагаа хамгийн чухал болохыг тэмдэглэв.
Joe Burke Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл нь зөвхөн нэг компанийн бизнесийн үйл ажиллагаа бус олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсад урт хугацаанд амжилттай ажиллаж, бодит үр өгөөж бий болгож чаддагийн жишиг төсөл болох зорилготой гэдгийг онцоллоо. Мөн зохицуулагч байгууллагуудын дэмжлэг, мэргэжлийн багийн чадавх нь төслийн амжилтад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.
Талууд метан хийн төсөл нь зөвхөн нэг ордын хайгуул, ашиглалтын асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалт татах, нүүрсний давхаргын метан хийн салбарын суурийг тавих стратегийн ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.
Өмнө нь хэрэгжүүлсэн ажлууд, хуримтлуулсан туршлага, бий болгосон суурь дээр тулгуурлан нүүрсний давхаргын метан хийн төсөл цаашид бие даасан шинэ салбар болон өргөжин хөгжиж, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн төрөлжилт, хөрөнгө оруулалтын шинэ чиглэлийг бий болгох чухал хөшүүрэг болно гэж талууд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )