-Метан хийн дэд буюу дагалдах төслүүдийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэг бүрт
хөрөнгө оруулалтын зардал харьцангуй багатай метан хий ашигладаг
цахилгаан үүсгэврийн дэд станцууд байгуулагдах болно-
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс Метан” 2016 онд байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсанаасаа хойш яг гурван жилийн дараа буюу тавдугаар сарын 17-нд Австралийн “Жейд Метан” компанитай “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ” байгууллаа. Цаашид нүүрсний орд газруудыг түшиглэсэн хайгуул хийж метан хийг монголын эдийн засгийн томоохон салбар болгох хүлээлт ч энэ компанид хаяглагддаг. “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өнгөрсөн онд “Эрдэнэс Метан” компанийн нүүрсний давхарын метан хийн төслийн эрэл хайгуул, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээлээс хөрөнгө босгох замаар асуудлыг шийдвэрлэх тухай шийдсэн байдаг. Монгол Улсад харьцангуй шинэ салбарт тооцогдох метан хийн салбарын төлөөлөл “Эрдэнэс Метан” компанийн Гүйцэтгэх захирал Д.Амартай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрдэнэс Метан” компани байгуулагдаад яг гурван жил болсон байна. Энэ хугацаанд чухам ямар ажил хийв гэдэгээс яриагаа эхлэе?
-Сайн байна уу. “Эрдэнэс-Метан” компанийг Монгол Улсын газар нутагт метан хий олборлох зорилгоор байгуулсан. Өөрөөр хэлбэл уламжлалт бус гэж нэрлээд байгаа нүүрсний давхаргын метан хий болон байгалийн хийн хайгуул хийх, олборлох чиглэлээр байгуулсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд судалгааны ажил нэлээд хийлээ. Би энэ компанийн Гүйцэтгэх захиралаар 2018 оны дөрөвдүгээр сард томилогдсон. Энэ албыг аваад жил гаруй л болж байна. Судалгааны дараагийн үе шатандаа оръё гэхээр хөрөнгө мөнгөний саад байна л даа. Хайгуулын ажил хийхийн тулд хөрөнгө оруулалт маш их шаардагддаг. Одоо Монгол Улсын эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Энэ утгаараа төсвөөс мөнгө гаргахад хэцүү. Энэ бол бодит байдал. Эрэл хайгуул бол геологийн салбартаа эрсдэлтэй үе шатанд тооцогддог. Хэрэв олдохгүй бол яах вэ, гэдэг асуудал гарч ирнэ. Энэ мөнгийг төсвөөс гаргачихаар хэцүү.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх техник, эдийн засгийн үндэслэлгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэдэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу “Эрдэнэс Метан” компани ажиллаж байна. Хүмүүс төсөл гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ эрж хайгаад олоогүй байгаа болохоор төсөл гэхэд учир дутагдалтай. Эрэл, хайгуул хийж дараагийн шатанд шилжихийн тулд гаднын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.
-Метан хийн салбар Монгол Улсад шинэ салбар. Шинэ салбар гэхээс илүү агаарын бохирдлоос салах нэг арга гэж хараад байна л даа?
-Мэдээж хэрэг. Утаа униар, агаарын бохирдлыг шийдвэрлэх хамгийн боломжит хувилбар нь энэ салбар болчихоод байгаа юм. Хэрэв олборлолтын хэмжээнд хүрчих юм бол эдийн засгийн өөр нэг бүтээлч салбар болох бүрэн боломжтой. Засгийн газрын зүгээс ч гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд ихээхэн анхаарч, биднийг дэмжин ажиллаж байгаа. Эрэл хайгуулыг нэн даруй эхлүүлэх чиглэл өгөөд удаагүй байна. Үүрэг, чиглэлийн дагуу УИХ-аас гаргасан 45 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газраас гаргасан 42 дугаар тогтоол, саяхан батлагдсан Газрын тос болон Уламжлалт бус газрын тосны талаар Төрөөс 2027 он хүртэл баримтлах бодлого батлагдсан. Төр засгийн зүгээс бодлогын хүрээнд биднийг хангалттай дэмжиж байгаа.
“Эрдэнэс Метан” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эрэл хайгуулын ажлаа эхлүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу зөвхөн гадаад ч гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Зарим ажил дээр сонгон шалгаруулалт ч зарласан. Сонгон шалгаруулалтын дагуу хэд, хэдэн компаниас хамтран ажиллах санал ирсэн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Хамтарсан компани байгуулах тухай” шийдвэр гарсан юм. Энэ үе шаттай ажлуудын дараа Австралийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Австралийн “Жейд Метан” компанитай хамтран ажиллаж, метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад удаагүй байна.
-“Жейд Метан” компанитай хамтын ажиллагааны түвшинд ямар ажил хийгдэх вэ?
-Өмнө нь судлаад бэлэн болсон “Тавантолгой”-н бүлэг ордын судалгааны ажил дээр үндэслэн хайгуул хийсэн нь дээр гэж бид үзсэн. Удахгүй хайгуулын ажил эхэлнэ. Манай компани Ашигт малтмал, газрын тосны газартай эрэл, хайгуулын гэрээтэй. Гэрээний хугацаа ирэх жил дуусна. Гэрээ дуусахаас өмнө энэ ажлыг дуусгах ёстой.
-“Тавантолгой”-н бүлэг ордод хайгуул хийхэд хууль эрх зүйн орчин хэр зэрэг хангагдсан бэ?
-Энэ тохиолдолд хоёр өөр хуулиар зохицуулагдах ёстой болно. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулиар “Тавантолгой”-н бүлэг орд газарт зөвхөн нүүрсээ л олборлож байгаа. Харин манай салбар Газрын тосны тухай хуульд бүлэг ордын гүнээс эрэл хайгуул хийнэ. Хайгуулын ажлын эхний үе шат хэрэгжиж дууссаны дараа техник, эдийн засгийн үндэслэлийг бий болгож, эцсийн байдлаар хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан. Энд үнийн дүнг тодорхой заагаагүй нь ч ийм учиртай.
-Техник, эдийн засгийн үндэслэлийн зузаан ном хийлгэхээр л гэрээ байгуулсан хэрэг үү?
-Би гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ч сэтгүүлчдэд хэлж байсан. Энэ бол ТЭЗҮ гэдэг нэртэй олон зуун хуудас ном биш шүү гэж. Техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан бүх мэдээлэл энд багтаж байгаа. Хэчнээн хэмжээний, ямар чанарын хий байгаа вэ? Хийг чухам яаж тээвэрлэх вэ, хийн хоолой татах уу? зэрэг бүх мэдээллийг бидэнд бэлдэж өгөх ёстой байгаа.
Үүнээс гадна нэг онцлог бий. Метан хий гэдэг бол хатуу ашигт малтмал шиг биш. Жишээлбэл нүүрс шиг хайгуулын явцад илэрсэн бол шууд ТЭЗҮ хийгээд батлаад, олборлоод явдаг. Байгалийн хий бол үүнээс өөр. Олборлолоо гэхэд гараар барьж болохгүй. Хайгуулын үе шатанд олборлолтын шат руугаа шууд шилжих ч онцлогтой. “Тавантолгой”-н бүлэг ордоос метан хийн нөөц илрэх л юм бол шууд үйлдвэрлэлийн зохион байгуулалтад орно.
-Урьдчилсан тооцооллоор ТЭЗҮ-г хэзээ дуусна гэж төлөвлөж байгаа вэ?
-Хайгуулын ажил бол нэг багц ажлын тоонд орчихсон явж байгаа. Нөгөө талаар ТЭЗҮ-г хэзээ дуусна гэж яг таг хугацаа хэлэх боломжгүй. ТЭЗҮ бол ашигтай юу, үгүй юу, байгаа байхгүй гэдгийг тогтооно. “Эрдэнэс Метан” компани Австралийн “Жейд Метан” компанитай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд гурван жил хайж ч болно. Эсвэл хайгуул эхлээд удаагүй байтал 9-10 дугаар сард ч илрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Гурван жилийн дараа олдохгүй ч байж болно.
-“Эрдэнэс Метан” компани Тавантолгойн бүлэг ордоос гадна өөр ямар газар судалгаа хийж байгаа вэ?
-Манай компанийн тухайд Тавантолгойгоос өөр газар хараахан хийж эхлээгүй байна. Хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоо ч угаасаа тийм байна. Манай компани одоогоор зургаан хүнтэй. Цаашид Монгол Улсын бусад аймгуудад энэ төрлийн судалгааг эрчимтэй хийнэ гэж тооцоолж байгаа. Тийм ч учраас Нарийн сухайтын орд газар судалгаа хийж байна. Монгол Улс нүүрсний арвин баялаг нөөцтэй учраас судалгаа хийх газрууд маш олон бий. Тавантолгойн бүлэг ордод хайгуул хийхээс гадна бид энэ ажлуудаа зэрэгцүүлээд явуулна гэж төлөвлөгөөнд тусгасан.
-Тавантолгойн бүлэг орд орчимд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Petroleum” компани ч нүүрсний давхаргын метан хийний судалгаа хийж байгаа. Энэ талаар танд хэр зэрэг мэдээлэл байгаа вэ?
-“Elixir Petroleum”-ын лицензийн талбай Тавантолгойн бүлэг ордод хамаарахгүй тусдаа талбай гэж ойлгож болно. Өмнөговь аймгийн Номгон суманд орших “Номгон” гэдэг хайгуулын талбай. Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа гэсэн л ойлголттой байгаа.
-Австралийн хөрөнгө оруулалтай компанитай хамтран ажиллаж ТЭЗҮ хийж байгаагаас гадна өөр ямар, ямар ТЭЗҮ боловсруулж байгаа вэ?
-Яг одоогоор бид дөрвөн төрлийн ТЭЗҮ боловсруулахаар төлөвлөж байна. “Метан хийн цахилгаан станцын ТЭЗҮ”, “Метан хийн хоолойн ТЭЗҮ”, “Улаанбаатар хотын гэр хорооллын дүүргүүдийг цахилгаанаар хангах ТЭЗҮ”, “Метан хий тээвэрлэх, шингэрүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ” гэсэн дөрвөн том төсөл байна. Үүнд хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай. Үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Метан хий, ерөөс байгалийн хийн салбар Монгол Улсын хөгжлийг тодорхойлж чадах потенциалтай салбар мөн үү?
-Хэрэв Монгол Улсын төр засаг энэ салбарыг бодлогоор дэмжээд өгвөл хөгжлийг тодорхойлж чадах салбар. Хамгийн наад зах нь олон жил биднийг зовоож, шийдлээ хүлээж байгаа агаарын бохирдлыг энэ салбар хөгжсөнөөр шийдвэрлэх бүрэн боломжтой. Нийтийн тээврийн хэрэгслийг ч байгалийн хийгээр хангах боломжтой. Монгол Улсын нэгдэн орсон агаарын бохирдлыг бууруулах “Парисын тунхаг”-т заасан хэд, хэдэн зүйлүүдийг ч бүс нутагтаа манлайлаад хийгээд явах боломж бүрдэх юм. Өргөн утгаар нь харах юм бол эдийн засагт, инфляцийн савлагаанд ч нөлөөлөх боломжтой салбар. Уул уурхайн бусад салбарыг бодвол харьцангуй цэвэр салбар нь хийн салбар юм.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Нийслэлийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын удирдлагуудын төлөөлөлтэй яг энэ асуудлаар уулзлаа. “Улаанбаатар хотын гэр хорооллын дүүргүүдийг цахилгаанаар хангах ТЭЗҮ”-г яаравчлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдлээ.
Бид судалгааны үе шатанд яваа бүх ажлуудаа харилцан уялдаатай хөгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломж бололцоо ч их бий.
Метан хийн дэд буюу дагалдах төслүүдийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэг бүрт хөрөнгө оруулалтын зардал харьцангуй багатай метан хий ашигладаг цахилгаан үүсгэвэрийн дэд станцууд байгуулагдах болно. Ингэснээр Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дорвитой үүрэг гүйцэтгэх юм.
-БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүд 2014 онд Душанбе хотод уулзахдаа гурван улсын эдийн засгийн коридор нээх тухай тохиролцсон байдаг. Хэрэгжүүлэх 32 төсөл хөтөлбөрийн хүрээнд хоёр ч төсөл нь сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн салбарт чиглэсэн. “Эрдэнэс Метан” компани хөрш орнуудын энэ том интеграцид нэгдэн орсон уу?
-Шууд утгаараа гурван улсын эдийн засгийн коридорт ороогүй. Тийм боломж нь ч алга. Хэрэв эрэл, хайгуулын ажил төлөвлөсөн хугацаанд үргэлжлээд илэрчих юм бол геополитикийн өндөр ач холбогдолтой салбар болох нь гарцаагүй.
Асуулттай холбогдолгүй нэг зүйл ярихад сүүлийн жил гаруйн хугацаанд Монгол Улсын нутгаар байгалийн хийн хоолой дайруулах асуудлыг ярилаа, тийм үү. Хэрэв энэ яриа хөөрөө бодит ажил хэрэг болвол “Эрдэнэс Метан” компани уялдаатай явна. Гэхдээ ОХУ болон БНХАУ шийдвэрээ гаргаагүй байгаа шүү дээ. ОХУ-ын Ерөнхийлөгч ердөө л ТЭЗҮ-гээ харъя аа л гэсэн шүү дээ.
-Уул уурхайн дагуул салбар гэгдэх хийн салбар одоо уул уурхайгаа дагуулах хэмжээнд хүрчихлээ. Энэ салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин чөдөр тушаа болж байгаа юу, эсвэл тус дэм болж байна уу?
-Хууль эрх зүйн орчин, ялангуяа “Газрын тосны тухай хууль”-иа илүү сайжруулах хэрэгтэй. Яагаад гэвэл одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, геополитикийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд багтахад хууль эрх зүйн орчноо нийцүүлэх ёстой. Гэхдээ хууль эрх зүйн орчинд чухам ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ сайн судлах ёстой байх. Дэлхийн өндөр хөгжилтэй Австрали, АНУ, БНХАУ гэсэн том гүрнүүд сүүлийн 30 жилд хийн салбарыг хөгжүүлж байна. Тиймээс дээрх улсуудын холбогдох хууль тогтоомжийг судлавал илүү үр дүнтэй болох байх. ОХУ сүүлийн 10 жилд энэ салбараа хөгжүүлчихлээ. Энэ утгаараа ОХУ-ын хууль тогтоомжийг ч судлах шаардлагатай. Судалгааны ажил дууссаны дараа шилдэг хуульчидтай хамтран Монгол Улсын бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн нь зүгээр байх.
Ердөө хэдхэн жилийн өмнө л гэхэд хийн салбарын тухай үг өгүүлбэр хуульд байгаагүй. Уламжлалт бус газрын тос гэдэг үг дөнгөж сая л бий боллоо шүү дээ. Гэхдээ ор тас ямар ч хууль эрх зүйн орчингүй гэж хараахан бас хэлж болохгүй. Хууль, эрх зүйн орчиндоо энэ үгийг тусгасан нь сайн хэрэг. Магадгүй ТЭЗҮ-г боловсруулаад явж байхад хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болох байх гэж харж байгаа.
-Та яриандаа төрөөс бодлогоор дэмжих ёстой гэж хэд, хэдэн удаа ярилаа. Чухам юун дээр анхаарах ёстой вэ?
-Нөгөө талаас нь харвал энэ бол шинэ салбар. Шинэ салбар учраас суралцах, судлах зүйл их бий. Төр засгаас ч бодлогоор дэмжих ёстой. Энэ салбарт ажиллах боловсон хүчнийг ч бэлдэх хэрэгтэй. Монгол Улсад хий мэддэг, байгалийн хийг ойлгодог геологич байдаггүй.
Тийм ч учраас Австралиас мэргэжлийн ур чадвартай геологчийг урьж авчирч байгаа шүү дээ. Бид хэдийгээр хөрөнгө оруулагч Австрали улсаас мэргэжлийн ур чадвартай хүн урьж авчрах нь зүй ёсных ч гэсэн энэ төслийг цаашдаа монголчууд бид авч явах учраас боловсон хүчин маш чухал.
Сэтгэгдэл ( 5 )
Hiinees bas hort hii yalgardag
Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913
Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913
Shal debil nuhur