ОХУ, АНУ, Украины гурван талт хэлэлцээ Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилж, өндөрлөв. Талууд илүү өргөн цар хүрээнд олзны цэргүүдээ солилцох тохиролцоонд хүрсэн нь одоогоор хэлэлцээний тодорхой үр дүн гэж мэдэгдэж байна.
АНУ-ын төлөөлөгчид энэхүү асуудлыг ОХУ, Украины ерөнхийлөгч нартай тусдаа хэлэлцэхээр төлөвлөж байна. Хэлэлцээний үеэр газар нутгийн асуудлыг хөндсөн ч үр дүнд хүрсэнгүй.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединскийн хэлснээр, Европ дахь аюулгүй байдлын иж бүрэн системийн сэдэв хэлэлцээний гол асуудал байв. Хэлэлцээний явцыг дэлгэрэнгүй мэдээлэхгүй гэдгээ Мединский мэдэгдээд гэхдээ яриа хэлэлцээ үргэлжилнэ гэж онцолжээ. Түүний хэлснээр, Москва Европын төлөөлөгчдийг хэлэлцээнд оролцуулах хүсэлгүй байгааг мөн онцлон тэмдэглэжээ.
Украины тал Абу Даби хотноо аюулгүй байдлын асуудалд том дэвшилд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Төлөөлөгчдийн гишүүн Давид Арахимия олзны цэргүүдийг солилцох тохиролцоо чухал байсныг тэмдэглээд цаашид Европын төлөөлөгчдийг оролцуулсан олон талт хэлэлцээ болгож, хүрээгээ тэлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Харин газар нутгийн асуудлаар Украины тал тайлбар өгөөгүй байна.
АНУ-ын төлөөлөгч Жаред Кушнер уулзалт үр дүнтэй болсныг онцолжээ. Тэрбээр газар нутгийн асуудал хүнд сэдэв байсан гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр АНУ-ын Ерөхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткоффын хамтаар Москваг зорьж, Кремлийн тэргүүн В.Путинтай олзны цэргүүдийг солилцох асуудлыг тусгайлан хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Үүний дараа тэд Даблин хотноо Украины Ерөнхийлөгч В.Зеленськийтэй уулзахаар төлөвлөсөн байна. Кушнер хэлэлцээнд Европыг оролцуулах ёстой гэж онцолжээ.
Telegraph болон Economist хэвлэлүүдийн мэдээлснээр, газар нутгийн асуудлын хувьд АНУ-ын төлөөлөгчид Украины Донецк, Луганск мужийн засаг захиргааны хилийг фронтын одоогийн шугамаар тогтоохыг санал болгожээ. Энэ тохиолдолд Орос Донбассыг хяналтдаа авч, Украин энэ бүс нутаг дахь өөрийнх нь хяналтад өдгөө буй хотуудыг авч үлдэх юм.
Telegraph хэвлэл Украины тал энэхүү саналыг хүлээн аваагүйг онцолжээ.
Володимир Зеленськийн ярьснаар, Оросын тал газар нутгийн асуудлыг яриа хэлэлцээний эхний өдөр хөндсөн байна. Гэсэн ч энэхүү сэдэв нь төрийн тэргүүний түвшинд хэлэлцэгдэх асуудал гэжээ.
Харин Кремль В.Путин, В.Зеленський нарын уулзалтыг Москва хотод л зохион байгуулах боломжтой гэж мэдэгдэж байгаа бол Украины Ерөнхийлөгч Москва хотод очих боломжгүй гэж Украины тал үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )