АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээ эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

 

Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу Даби хотноо ОХУ, АНУ, Украины гурван талт яриа хэлэлцээ хаалттай эхэлжээ. 2026 оны хёрдугаар сараас хойш есөн сар завсарласны эцэст дахин эхэлсэн уг уулзалт 4.5 цаг орчим үргэлжилж, арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гарагт яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсоноор өндөрлөв.

Талууд ОХУ, Украины аюулгүй байдалд баталгаа олгох асуудлыг түлхүү хөндсөн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээний эхний өдөр үр дүнтэй байсан хэмээн мэдэгджээ. Тэрбээр Парис хотноо Их-7 бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байгаа юм.

Харин хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид одоогоор мэдэгдэл хийгээгүй байна.

Хэлэлцээнд Оросын талыг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлж байна. Бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Михаил Галузин болон Жанжин штаб, тусгай албадын төлөөлөгчид багтжээ.

Украины багийг Гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеров, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирилл Буданов, түүний нэгдүгээр орлогч Сергей Кислица, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Вадим Скибицкий болон «Ард түмний зарц» фракцын тэргүүн Давид Арахамия нар төлөөлж байна. Харин АНУ-ын талыг Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар төлөөлөн оролцож байна.

Их Британи, Герман, Итали, Франц, Европын холбоо болон НАТО-гийн төлөөлөгчид байр сууриа нэгтгэх зорилгоор АНЭУ-ын нийслэлд хүрэлцэн ирсэн ч гурван талт хэлэлцээний ширээний ард шууд суугаагүй байна.

Эхний өдрийн дүнгээр эцсийн хэлэлцээрт гарын үсэг зураагүй ч талууд хэлэлцэх асуудлын гол чиглэлүүдийг тодорхойлжээ. Володомир Зеленськийн хэлснээр, Киев болон Москва “1000 х 1000” эсвэл “1500 х 1500” гэсэн томъёоллоор цэргийн олзлогдогсдыг өргөн хүрээнд солилцох асуудлыг хэлэлцжээ.

Вашингтоны санаачилгаар оролцогчид Украин, Европ төдийгүй Оросын ирээдүйн аюулгүй байдлын баталгааны нөхцөл, хурцадмал байдлыг намжаах арга хэмжээний талаар ярилцсан байна.

Оросын төлөөлөгчид газар нутгийн асуудлыг хөндсөн ч галыг нэн даруй зогсоох тухай хэлэлцэхээс татгалзсан хэвээр байна. Харин аливаа дараагийн алхам хийхээс өмнө байлдааны ажиллагааг зогсоох ёстой гэж Киев шаардаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эхний өдрийг «маш үр дүнтэй» боллоо гэж нэрлээд, өмнө нь их ажил хүлээж байгааг онцолсон байна. Жаред Кушнер X олон нийтийн сүлжээнд уг яриа хэлэлцээг ажил хэрэгч бөгөөд итгэл найдвар төрүүлэхүйц боллоо хэмээн тодорхойлжээ.

Ерөнхийлөгч В.Зеленський уулзалтыг «бүтээлч бөгөөд хангалттай агуулгатай» болсон гэж үнэлсэн ч Оросын талтай хийж буй яриа хэлэлцээ хүндхэн явагдаж байгааг тэмдэглэв.

Оросын төлөөлөгчдийн гишүүд хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс түдгэлзэж, зөвхөн арваннэгдүгээр сарын 11-нд зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлнэ гэдгийг баталсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top