АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Хэрсон мужийн Олешки хотод зургаан хоногийн турш амжилттай хэрэгжсэн хүмүүнлэгийн ажиллагааг дүгнэж, Орос, Украины төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч, түүхэн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Меланиа Трамп төлөөлөгчдийн тэргүүнүүдээр дамжуулан Владимир Путин, Володимир Зеленський нарт хувийн захидал илгээсэн байна.
Меланиа Трамп биечлэн зуучлагчаар ажиллаж, хиймэл дагуулын зураг, мина устгах төлөвлөгөөнөөс эхлээд эм тарианы ложистик хүртэлх ажиллагааны бүх шатыг биечлэн хянаж байснаа онцлов. Тэрбээр энэ удаагий гал зогсоох санаачилга нь өргөн цар хүрээтэй энх тайвны "оч" болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев Оросын талыг төлөөлөн тэргүүн хатагтайд талархал илэрхийлээд, Владимир Путин гал зогсоох дэглэмийг хангах тушаалыг биечлэн өгсөн гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Москва Трампын багийн энх тайвны төлөөх хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйг онцолжээ.
Уулзалтын үр дүнд талууд Олешки руу чиглэсэн хүмүүнлэгийн коридорыг тогтмол ажиллуулахаар тохиролцсон байна. Орос, Украины хүний эрхийн комиссарууд сар бүр тусламж хүргэх ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Меланиа Трампын санаачилсан Олешки хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх, энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Москва, Киев хоёр бүрэн гал зогсоохоор тохиролцсон билээ. Гал зогсоох дэглэм аравдугаар сарын 27-ноос эхлэн зургаан хоног үргэлжилсэн юм. Үүний дүнд тус хотод хүнс, эм тариа, ариун цэврийн хэрэгсэл хүргэсэн бөгөөд 800 орчим энгийн иргэнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )