Италид 300 гаруй сургууль тэсрэх бөмбөг тавьсан гэх сүрдүүлсэн захидал хүлээн авсантай холбогдуулан нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулжээ. Сүүлийн үед Европт супермаркет, цусны төв, харилцаа холбооны компани, агаарын хөдөлгөөнийг удирдах системүүд ийм төрлийн заналхийлэлд өртөх нь нэмэгдэж байна.
Италийн боловсролын сайд Жузеппе Вальдитар энэхүү сүрдүүлэг нь хуурамч болохыг мэдэгдсэн бол Ром хотын цагдаа нар хэргийг шалгаж байна.
Италийн сургуулиудын авсан заналхийлсэн захидалд Мизогинистан вилайтын тэргүүн Михаил Андропов гэсэн гарын үсэг байжээ. Яг ийм гарын үсэгтэй заналхийлсэн захидлууд мөн Ирланд, Болгарын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцид ирсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн давлагаа Европыг тэр чигт нь донсолгосон билээ. Энэ сарын 2-оос эхлэн Европын олон арван нислэг заналхийлэлд өртөж, үүний улмаас нислэгшүүд чиглэлээ өөрчилж, төлөвлөгдөөгүй нисэх онгоцны буудалд буух шаардлагатай тулгарсан.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэл мэдээллийн байгуулагуудын редакцид ийм төрлийн мэдээлэл авах болсон байна. Үүний ард хэн байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Зарим захидлын дор “Эрчүүдийн улсын дайчид” гэж бичсэн байжээ.

Сэтгэгдэл ( 0 )