АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны экспортоос 12 тэрбум ам.долларын орлого олсон тухай “The New York Times” сонин мэдээлжээ.
Олон улсын “KPMG” аудитын компанийн тайлангаас үзвэл, АНУ-ын сангийн яам Венесуэлээс орж ирэх мөнгийг захиран зарцуулах тусгай данс нээсэн байна. Тус данс эхэндээ Катарт нээгдэж байсан бол 2026 оны нэгдүгээр сард Нью Йоркийн Citibank-руу шилжүүлжээ.
Тайлангаас үзвэл, энэ оны эхний есөн сарын байдлаар, тус дансанд 12.26 тэрбум ам.доллар орж иржээ. Үүнээс 11.7 тэрбум ам.долларыг Венесуэлийн үндэсний валютын ханшийг дэмжих, 130 сая ам.долларын гадаад өрийг нь дарах зорилгоор Венесуэлд шилжүүлснийг тус сонин онцолсон байна.
Венесуэлийн түүхий эдийг борлуулах онцгой эрх бүхий олон улсын “Trafigura” болон “Vitol” трейдерүүдэд есдүгээр сарын сүүлээр тус дансанд орж ирсэн мөнгөний 61 хувь ногджээ.
Энэ оны наймдугаар сарын 28-нд Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Венесуэлийн газрын тосны батлагдсан нөөцөөс 65 тэрбум баррелийг АНУ-ын хяналтад шилжүүлэх гэрээ байгуулсан тухай зарлаж байсан билээ. Хожим нь Цгаан ордон Венесуэлийн “NABEP” газрын тосны хувийн компанид 65 тэрбум баррелийн батлагдсан нөөц бүхий 17 газрын тосны ордын концесс олгох тухай заалт тус хэлцэлд туссаныг мэдээлсэн. Тус компани нь Пентагоны харьяа бүтцэд толгой компанийхаа хувьцааны 35 хувийг олгожээ. Үүний сацуу, тус компани АНУ-ын төрийн департаментад газрын тосны ордуудынхаа олборлолтын 20 хувийг өөрийн өртгөөр нь авах эрх олгожээ. Түүнчлэн, АНУ-ын эрх баригчид тус компанийн удирдлагын томилгоонд хориг тавих эрхтэй бөгөөд удирдлагын бүрэлдэхүүний ихэнхийг АНУ-ын иргэд бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )