Венесуэлиэс баяжуулсан уран нууцаар гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хэрэг явдал энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр болжээ. Венесуэлийн арми Венесуэлийн Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгээс 160 км зайд байрлах Карабобо мужийн Пуэрто Кабело боомт хот руу нууц тээвэрлэлт хийжээ. Үүний шалтгаан хэдэн хоногийн дараа тодорхой болсон байна. Цэргүүд АНУ-д хүргэх зорилго бүхий 13 кг баяжуулсан уран тээвэрлэсэн хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангаж байсныг ВВС агентлаг онцолжээ.

 

Ажиллагаанд АНУ, Венесуэл, Их Британийн засгийн газар болон Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөл оролцсон байна. Тус агентлаг тавдугаар сарын 8-нд эл ажиллагаа нь аюулгүй байдлын чанд нөхцөлд явуулсан хамтарсан ажиллагаа байсан гэж мэдэгджээ. Ураны изотопын хэмжээг хиймэл аргаар 20 хувь болон түүнээс дээш түвшинд хүргэхийг өндөр хувиар баяжуулсан уран гэдэг байна.

АНУ, Израилын Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Иранд байсан гэх ураны хэмжээтэй харьцуулахад 13 кг нь туйлын бага. Тегеранд 400 кг орчим баяжуулсан уран байсан гэж үздэг.

Батлан хамгаалахын судалгааны хааны хүрээлэнгийн судлаач Жек Кроуфордын мэдээлснээр, Венесуэлиэс баяжуулсан уран гаргах энэхүү ажиллагаа нь энхийн зорилготой цөмийн хөтөлбөрт зориулсан материал цөмийн зэвсэг бүтээхээр зорьж байгаа улс орон эсвэл бүлэглэлийн гарт орохоос сэргийлэх зорилготой байжээ.

Венесуэл хэрхэн өндөр баяжуулсан урантай болсон бэ? Яагаад АНУ-д шилжүүлэн өгсөн бэ?

Их Британийн засгийн газрын мэдээллээр, Венесуэлийн эрх баригчид 2017 онд баяжуулсан ураны үлдэгдлийг гаргах хүсэлт тавьж, хэрхэн гаргах төлөвлөгөө хүртэл боловсруулж байжээ.

2026 оны нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан хэрэг эл үйл явцыг түргэтгэсэн байна. Мадурог баривчлах үеэр АНУ-ын хийсэн цохилтод цөмийн реактор өртөх шахсаныг ВВС тодруулсан байна.

АНУ-ын төрийн департментын мэдэгдсэнээр, ураныг гаргах ажиллагаа хэдэн сарын хугацаа авч, төлөвлөснөөс хоёр жилийн өмнө болжээ. Венесуэлийн ураныг Өмнөд Каролина муж дахь “Саванна Ривер” цөмийн объектод хүргэсэн байна. Тээвэрлэлтийг Их Британийн цөмийн мэргэжилтнүүд хариуцан ажиллажээ. Ураныг тээвэрлэхэд “Pacific Egret” тээврийн хөлгийг ашиглажээ.

1960-1970-аад онуудад баригдсан ихэнх судалгааны реакторууд өндөр баяжуулсан уран ашигладаг байжээ. Өдгөө ийм төрлийн судалгаанд бага баяжуулсан уран ашигладаг болсон аж. ОУАЭА-ийн мэдээллээр, дэлхий дахинд байдаг 100 гаруй судалгааны реактор болон анагаах ухааны изотоп үйлдвэрлэх төхөөрөмжийг зогсоосон эсвэл бага баяжуулсан уран шилжүүлсэн байдаг байна. Нийт 7000 кг өндөр хувиар баяжуулсан ураныг тухайн орнууд руу нь буцаасан эсвэл хяналтад авсан байдаг аж. Атомын цахилгаан станцууд бага баяжуулсан уран ашигладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top