Энэ сарын 12-14-ний өдрүүдэд зарим аймаг, сумдын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-нд Баян-Өлгий аймгийн нийт нутаг, Ховд аймгийн хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан аймгийн нутгаар, 13-нд Архангай аймгийн нийт нутаг, Хөвсгөл, Булган аймгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний цас орно.
Мөн 12-14-ний өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, зарим газраар цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихын өмнө цаг агаар болон замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх. Зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;
Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг урьдчилан бэлтгэх;
Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )