Европ даяар 25 нислэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх сүрдүүлэг иржээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сүүлийн өдрүүдэд Европ даяар 25 орчим нислэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч сүрдүүлэг ирж, агаарын тээвэрт ихээхэн саатал учрууллаа. Энэхүү зохион байгуулалттай мэт ажиллагаа нь аялагчдыг сандаргаж, зарим онгоцыг ослын буулт хийхэд хүргэсэн бөгөөд үүний ард "хайбрид дайн" буюу мэдээлэл, сэтгэл зүйн дайн байж болзошгүй гэж үзэж байна.

Пүрэв гарагт гарсан энэхүү цуврал сүрдүүлэгт Их Британи, Ирланд, Итали, Испани, Франц, Грек зэрэг Европ тивийн 16 улсын олон улсын нислэгүүд өртжээ. Ryanair, Aer Lingus, Wizz Air, easyJet зэрэг 10 гаруй агаарын тээврийн компанийн онгоцнуудад тэсэр бөмбөг тавьсан гэх мэдээлэл авсан ч бүх онгоц аюулгүй газардаж, нэгжлэгээр ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй байна.

Зөвхөн энэ долоо хоногт гэхэд Европын хэмжээнд ийм төрлийн хуурамч мэдээлэлд авсан нислэгийн тоо 33-т хүрээд байна. Пүрэв гарагт Лондонгийн Хитроу нисэх буудал руу чиглэж явсан дөрвөн онгоц болон Бирмингемийн нисэх буудалд сүрдүүлэг авсан  ч цагдаагийн байгууллага шалгахад мэдээлэл хуурамч болохыг тогтоожээ. Даблинаас Ром руу нисэж байсан Aer Lingus компанийн онгоц ийм мэдээллийн улмаас Францын Эврё хотын цэргийн баазад ослын буулт хийсэн байна. Онгоцны нисгэгч цэргийн баазад газардахаас татгалзаж байсан тул Францын эрх баригчид түүнийг байцааж байгаа аж.

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) болон Европын холбооны Тээврийн комиссар Апостолос Зизикостас нислэгийн чиглэлийг өөрчлөх нь агаарын тээврийн компаниудад маш өндөр зардал учруулдаг болоыг мэдэгджээ.

Аюулгүй байдлын шинжээчид энэхүү ажиллагаа нь ард иргэдэд айдас төрүүлж, нислэгүүдийг саатуулах зорилготой байж магадгүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top