Шинэ Зеланд: Лалын сүмд гарсан халдлагад амиа алдсан хүний тоо 40 хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Шинэ Зеландын Крайстчерч хотын лалын хоёр сүмд халдлага гарсны улмаас амиа алдсан хүний тоо 40 хүрчээ. Өмнө нь арав орчим хүн амиа алдлаа гэж  орон нутгийн мэдээллийн Stuff цахим хуудас мэдээлж байсан билээ.

Гэрчүүдийн мэдээлснээр, 300 гаруй хүн мөргөл үйлдэхээр цуглараад байсан тус сүмд дуулга, цэрэг загварын хүрэм өмсч, нүдний шил зүүсэн нэгэн цагаан арьст этгээд автомат буугаар гал нээсэн гэнэ. New Zealand Herald сонинд бичсэнээр, эл этгээд Австралийн иргэн, хэт барууны үзэлтэй нэгэн гэнэ. Түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбоотой байж болзошгүй дөрвөн сэжигтнийг саатуулаад байна.

Үүнээс гадна, хууль сахиулагчид халдлага гарсан сүмээс гурван км зайд хэд хэдэн тэсрэх бөмбөг бүхий Subaru маркийн машин олсон тухай мэдээлсэн байна.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн болсон хэргийг алан хядах ажиллагаа байсан хэмээгээд тус улсын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн нэг байлаа гэжээ.

Шинэ Зеланд улсад олон нийт рүү гал нээх тохиолдол ховор гардаг байна. 1990 онд сэтгэцийн өвчтэй нэгэн этгээд Арамоана хотод 13 хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарснаас хоёр жилийн дараа буюу 1992 онд зэвсгийн тухай хуулиа чангатгаж, хагас автомат буу эзэмших эрхийг хязгаарласан билээ. Гэсэн хэдий ч 16 хүрсэн хэн ч аюулгүй байдлын сургалтад хамрагдсаны дараа энгийн галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top