9.11-ий халдлага: 25 жилийн дараа хуйвалдааны онолууд амьд хэвээр

Я.Болор | Zindaa.mn
16 минутын өмнө

АНУ-д есдүгээр сарын 11-нд болсон халдлагаас хойш 25 жил өнгөрсөн ч энэ сэдвээрх хуйвалдааны онолууд хаашаа ч алга болсонгүй. Өнөөг хүртэл ямар онолуудыг дэвшүүлж, яагаад үүнд нь олон хүн итгэсээр байна вэ?

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д хэт даврагч исламистуудын үйлдсэн алан хядах ажиллагаа түүхэнд хараар бичигдсэн үйл явдал байв. 25 жилийн дараа хэрэг явдлын бүхий л нөхцөл байдлыг судалж, үнэлсэн мэт санагдана. Гэвч өнөө хэр олон хүн Вашингтон, Нью Йорк хотод гарсан халдлагын талаарх хуйвалдааны онолуудад итгэсэн хэвээр.

Юу болсон талаар

Алан хядагч “Аль Каида” бүлэглэлийн гишүүд 2001 оны есдүгээр сарын 11-нд дөрвөн онгоц барьцаалсан. Хоёр нь Нью Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, нэг нь Пентагоныг мөргөсөн. Дөрөвдөх онгоц Конгрессын ордныг мөргөх ёстой байсан гэж үздэг. Гэвч тус онгоц Пенсильванд унасан билээ. Халдлагын улмаас 3000 орчим хүн амь үрэгдэж, 6000 хүн янз бүрийн байдлаар гэмтэж, шархадсан байдаг.

Тэрхүү эмгэнэлт үйл явдал дэлхий ертөнцийг өөрчилсөн билээ.

Америкчуудын 20 хувь эрх баригчдаа сэжиглэдэг

2023 онд явуулсан YouGov судалгаанаас үзвэл, америкчуудын таван хүний нэг нь есдүгээр сарын 11-ний халдлагын ард АНУ-ын засгийн газар байсан гэж үздэг байна. Энэ санаа 25 жил амь бөх оршсоор байгаа нь олон хүн төрийн байгууллага, эрх баригчдадаа итгэдэггүйтэй холбоотой гэж шинжээчид дүгнэжээ.

 

 

Хуйвалдааны онолын нэгэн хувилбараар, Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг алан хядагчдын гарт орсон зорчигч тээврийн хоёр онгоц бус харин хяналттай дэлбэрэлтийн улмаас нурсан гэх. Ийм санаа зөвхөн нийгмийн сүлжээгээр тархаад зогсохгүй зарим эрдэмтэд хүртэл дэмждэг байна. Тухайлбал, цамхгууд нурах үед хөндлөн утаа гарсан нь барилгын доод давхарт дэлбэрэлт хийснийг илтгэж байна. Гэвч газар дээр нь тэсрэх бодис эсвэл бөмбөг байсныг нотлох баримт байдаггүй. Харин АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэнгээс явуулсан судалгаа зорчигч тээврийн онгоц ихэр цамхгийг мөргөхөд хэрхэн гал авалцаж, улмаар барилгууд нурахад хүрснийг тайлбарладаг.

Хүмүүс яагаад хуйвалдааны онолд итгэдэг вэ?

Сэтгэл судлаачдын ярьснаар, ийм үйл явдал олон хүний сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүй үлдэхэд хүргэдэг байна. Тухайлбал, хяналтаа хадгалах хэрэгцээ, болж буй үйл явдалд итгэлтэй байх хэрэгцээ, айдаст автахгүй байх хэрэгцээ.

Ялангуяа гэнэтийн ийм үйл явдлын дараа асар олон асуултууд нээлттэй үлдэж, тодорхойгүй зүйл гарч ирдэг. Халдлага хэрхэн болсон? Хэн зохион байгуулсан? Эдгээр нь хуйвалдааны онол гарч ирэхэд хүргэдэг гэж түүхчид тайлбарлажээ. Тэр үед л хүмүүс үүний ард томоохон хуйвалдаан байж болзошгүй гэж сэжиглэж эхэлдэг байна.
Ноттинхэмийн их сургуулийн профессор Дэниел Жоллигийн өгүүлснээр, хүн нэг өглөө сэрээд л эргэн тойронд нь байгаа бүхэнд итгэхээ болино гэж байдаггүй. Үүнд тухайн хүний амьдралдаа туулсан туршлага нөлөөлдөг. Мөн тухайн хүний хямралыг хэрхэн даван туулах чадвар нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг байна. Айдас, түгшүүрт амархан автдаг хүмүүс хуйвалдааны онолд итгэх нь их.

 

 

Хуйвалдааны онол яагаад аюултай вэ?

Хуйвалдааны онол ихээхэн аюултай байх гурван шалтгааныг шинжээчид тодорхойлжээ. Нэгт, хуйвалдааны онол нь хүмүүст айдаст бага автах, өөрсдийгөө илүү аюулгүй байдалд байгаа гэсэн мэдрэмж төрүүлдэг. Харин бодит байдал дээр эсрэгээр хүмүүсийн эрх баригчид болон эргэн тойрондоо үл итгэх байдал нь нэмэгдэж, улмаар нийгмээс өөрийгөө тусгаарладаг байна.

Хоёрт, хуйвалдааны онол баримтыг худал мэдээлэлтэй хольж хутгадаг. Цэвэр худал мэдээллээс ялгаатай нь хуйвалдааны онол нь нотлох эсвэл үгүйсгэх боломжтой баримт дээр тулгуурладаггүй тул худлыг нь илчлэх боломжгүй байдаг байна.

Гуравт, ийм төрлийн яриа сөрөг үр дагавартай бөгөөд хүмүүс бие биедээ хэрхэн хандаж буйд нөлөөлөх чадвартай байдаг гэж шинжээчид онцолжээ. Еврейчүүд, исламын шашинтан, ижил хүйстнүүд зэрэг тодохой бүлгийн хүмүүсийг үйлдээгүй хэрэгт нь буруутгах нь бий гэж шинжээчид тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top