2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид Америкийн онгоцнуудыг барьцаалан Нью Йорк хотын тэнгэр баганадсан хоёр барилгыг мөргөсөн билээ. Аймшигт үйл явдлын улмаас 3000 хүн амиа алдсан юм.
Орчин цагийн хамгийн эмгэнэлтэй үйл явдал болсны ойн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандан үг хэллээ.
Тэрбээр “2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш 20 жилийн дараа бид амиа алдсан 2977 хүнийг дурсан санаж байна. Эв нэгдэл бол бидний агуу их хүч. Энэ бол биднийг хүнээр нь байлгадаг зүйл. Үүнийг мартах ёсгүй” хэмээв.
Халдлагын дараа АНУ дайснууддаа ямар төлөөс төлөхийг харуулсан гэж Жо Байден онцолжээ.
АНУ 2001 оны алан хядах ажиллагаанаас хойш нэг сар орчмын дараа холбоотнуудын хамтаар Афганистанд халдсан билээ. Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилсан ажиллагааны зорилго нь “Аль-Каида” бүлэглэлийг устгах, Усама бен Ладеныг барих явдал байв. Гэхдээ бен Ладеныг хожуу 2011 онд Пакистанд илрүүлж, хөнөөсөн юм.
Гэхдээ тусгай албад “Аль-Каида” бүлэглэл одоо ч “амьд” гэж үздэг. Тус бүлэглэл Африкт илүү хүчээ авсан бөгөөд гишүүд нь Афганистанд байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )