Есдүгээр сарын 11-ний хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагааны хохирогчдын дурсгалыг хүндэтгэн, Пентагоны байрны өмнө цэцэг өргөлөө.

Хорин нэгэн жилийн өмнө “American Airlines” компанийн “Boeing 757” онгоцыг алан хядагчид барьцаалан, АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/-ны байрыг мөргөсөн билээ. Нэг минут дуугүй зогссоны дараа амиа алдсан 184 зорчигч, нисэх багийн гишүүдийн нэрсийг дуудаж, хонх дуугаргажээ.

Гашуудлын арга хэмжээнүүд мөн Нью Йорк хотноо болов. Тус хотын Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг алан хядагчдад барьцаалагдсан хоёр онгоц мөргөсөн бол Пенсилван мужид алан хядагчдад барьцаалагдсан дөрөв дэх онгоц унасан билээ.

Нью Йорк хотноо болсон дурсгалын арга хэмжээнд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис оролцсон байна. Тус арга хэмжээнд зөвхөн хохирогчдын ар гэр болон 21 жилийн өмнө эмгэнэлт явдлын газар дээр ажиллаж байсан аврагч, эмч, цагдаа нарыг оролцуулсан байна. Мөн өдрийн үдэш алан хядагчдын гарт нурсан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн бэлгэдсэн “Tribute in Light” арга хэмжээ болов. Энэ үеэр 44 прожекторын тусламжтай хоёр багана тэнгэрт гэрэлтүүлдэг ба хоёр багана 100 км холоос харагддаг байна. “Tribute in Light” арга хэмжээг 2002 оноос хойш зохион байгуулж байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Аль-Каида” бүлэглэлийн 19 алан хядагч АНУ-д дөрвөн онгоц булаан авсан. Хоёр онгоц нь тухайн үед Нью Йорк хотын хамгийн өндөр барилга болох Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөсөн бол гурав дахь онгоц нь Пентагоны байрыг мөргөжээ. Дөрөв дэх онгоц АНУ-ын нийслэлийн зүг чиглэлээ авсан ч Пенсилван мужийн Шанксвилл хотоос холгүй унасан юм. Алан хядах ажиллагааны улмаас нийт 2997 хүн амиа алдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top