Европын долоон улсын супермаркетуудын хөргөх систем цахим халдлагад өртөж, их хэмжээний хохирол амсжээ. Хакерууд хоёр долоо хоногийн өмнө Францын супермаркетуудын хөргөх системд халдсан аргаа хэрэглэсэн байна. Халдлагад Бельги, Люксембургийн “Delhaize” сүлжээ дэлгүүрүүд болон Швед, Финланд, Ирланд, Нидерланд, Эстонийн томоохон дэлгүүрүүд өртжээ.
“Delhaize” сүлжээ дэлгүүрүүдийн хөргөх системийг хариуцдаг “Sabcobel” компанийн ерөнхий захирал Стефан Мулансын мэдэгдснээр, Францад болсон халдлагын дараа тус компани үйлчлүүлэгчдийнхээ хөргөх төхөөрөмжийг хамгаалах арга хэмжээ авсан байна. Үүний тулд программ хангамжийг шинэчлэхийн сацуу төхөөрөмжид тохиргоо хийжээ.
Шведийн өмнөд хэсгийн Шёбу хотод байрлах ICA сүлжээний нэгэн дэлгүүрийн төлөөлөгчид сошиал хуудсандаа шөнө хакерууд хөргөгч, хөлдөөгчний тохиргоог өөрчилж, температурыг нь Цельсийн +50 хэм болгож тохируулсан тухай бичжээ.
ICA-ийн төлөөлөгч уг хэрэг явдал "компанийн төв сүлжээнд холбогдоогүй цөөн тооны ICA дэлгүүрийг" хамарсан болохыг баталжээ.
Шведэд мөн Coop сүлжээний 800 дэлгүүрийн долоо нь өртсөн байна.
Нидерландад хамгийн багадаа 17 компанийн хөргөх, хөлдөөх систем цахим халдлагад өртсөн байна. Хохирогчдын дунд махны дэлгүүрүүд болон жижиг хүнсний дэлгүүрүүд багтжээ.
Аравдугаар сарын дундуур дэлгүүрүүдийн хөргөх систем рүү чиглэсэн цахим халдлага Францад гарч, Coopérative U сүлжээний 100 гаруй супермаркет, мөн Intermarché сүлжээ болон түүний эзэмшлийн Netto брэндийн 180 дэлгүүрийг хамарч байжээ. Үүний улмаас олон сая еврогийн өртөгтэй хүнсний бүтээгдэхүүн муудсан. Уг халдлага аравдугаар сарын 12-ны даваа гарагт шилжих шөнө гарч байв.

Сэтгэгдэл ( 0 )