Францын олон зуун супермаркет цахим халдлагад өртсөний улмаас хөргөгч, хөлдөөгчүүдийн температур нэмэгдэж, улмаар олон сая еврогийн хүнс мууджээ.
Хакерууд супермаркетуудын хөргөгч, хөлдөөгчийн температурыг тохируулдаг программ хангамжийг хяналтдаа авсан байна. Халдлагад өртсөн нэг сүлжээ дэлгүүрийн захиргааны мэдээлснээр, нэг шөнийн дотор хөргөгчүүдийнх нь температур 50 градус хүртэл нэмэгдсэн байна. Тухайлбал, Carrefour сүлжээний 6000 дэлгүүрийн 80 нь халдлагад өртсөн байна.
Хакеруудын бай нь Данийн “Danfoss” компанийн программ хангамж байжээ. Энэхүү программ хангамжийн тусламжтай сүлжээ дэлгүүрүүд хөргөгч, хөлдөөгчийнхөө температурыг зайнаас тохируулдаг байна.
Супермаркетуудын хөлдөөгчүүд шөнийн цагаар богино хугацаанд унтардаг бөгөөд хакерууд хөргөх төхөөрөмжүүдийн температурыг өндөр хэмжээнд удаан хугацаанд барьжээ.
“Danfoss” компанийн мэдээлснээр, халдлагад хуучирсан программ хангамжууд өртсөн бөгөөд үйлчлүүлэгчдэдээ программ хангамжаа шинэчлэхийг зөвлөж байжээ.
Энэхүү цахим халдлагын хохирлын нийт хэмжээг одоогоор тодорхойлоогүй байна. Урьдчилсан мэдээллээр, Францад үйл ажиллагаа явуулдаг нийт 15 мянга орчим супермаркетын 400 нь цахим халдлагад өртжээ.
Францын Прокурорын газар хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )