Францын санхүүгийн асуудал Европт ноцтой хямрал үүсгэж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

Францад болж буй эсэргүүцлийн жагсаалын давлагаа тус улсын санхүүгийн хүндрэл бэрхшээлийг илчиллээ. Энэ нь Европт ноцтой хямралд хүргэж болзошгүй гэж CNN мэдээлжээ.

Францын санхүүгийн хямрал бусад улс орон болон Европын бүсэд бүхэлд нь тархах магадлал маш өндөр байгаа бөгөөд бүс нутаг бүхэлдээ ноцтой хямралд орж болзошгүй гэж “Oxford Economics” компанийн ахлах эдийн засагч Анхель Талавер үзэж байна.

Франц улсад есдүгээр сарын сүүлээр эхэлсэн ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, эмх замбараагүй байдалд шилжилж, Франц улсыг бүхэлд нь хамраад байна. Зарим хотуудад жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байна. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойших хугацаанд цагдаа нар 6.6 мянга гаруй удаагийн баривчилгаа явуулснаас 90 гаруй хувь нь насан хүрээгүй хүүхдүүд эзэлж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Францын ерөнхий сайд Себастьян Лекорно ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн цуглаан зүгээр нэг үүссэгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. “Залуусын уур хилэнг ойлгож байна. Хэн ч айдас түгшүүрийн өмнө сэтгэл амгалан байхгүй. Урьд өмнө маш олон амлалт өгч байсан ч биелүүлээгүй. Биелүүлэх боломжгүй байсан” гэж Лекорно ард иргэддээ хандан мэдэгджээ.

Тэрбээр засгийн газар сурагчдын тавьж буй шаардлагад арга хэмжээ авна гээд энэ хүрээнд таван чиглэлээр ажил эхлүүлээд байгааг мэдээлжээ. Тухайлбал, боловсролын байгууллагуудын нөхцөлийг сайжруулах, хичээлийн цагийн хуваарийг оновчтой болгох, багш нарын хомстлоос зздэлтэй хичээл тасалдаж байгаа байдлыг арилгах зэрэг арга хэмжээ авч байна.

Тэрбээр 2027 онд төсвийг нь нэмэгдүүлж байгаа цөөн яамдын нэг нь боловсролын яам болохыг дурдаад ирэх оны төсвийг ирэх сарын 12-нд парламент хэлэлцэж эхлэхийг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top