Францад эсэргүүцлийн жагсаал хийж буй ахлах ангийн сурагчдыг дэмжин гол төлөв их дээд сургуулийн оюутнууд, үйлдвэрчний эвлэлүүд жагсаалд нэгджээ. Жагсагчдыг мөн сөрөг хүчний Ялагдашгүй Франц нам дэмжсэн байна.
Мягмар гарагт Парис хотноо нэгэн зэрэг хоёр эсэргүүцлийн жагсаал өрнөж, нэг нь эмх замбараагүй байдал болж хувирсан байна. AFP агентлагийн мэдээлснээр, баг зүүсэн жагсагчид автомашинуудыг шатааж, зам дээр хаалт босгон, цагдаа руу төрөл бүрийн эд зүйлс шидэж байжээ. Хууль хүчнийхэн жагсагчид руу даралттай ус шүршиж, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Ахлах ангийн сурагчдын жагсаал Парис хотноо есдүгээр сарын сүүлээр эхэлж, богино хугацаанд тус улсын бүхий л мужийг хамраад байна. Өнгөрсөн хугацаанд олон арван сургуулийг галдан шатааж, олон зуун сургууль үүдээ хаажээ.
(12).jpg)
Олон хүн цагдаа нарыг хүүхдүүдийн эсрэг хэт их хүч хэрэглэж буйг буруутгаж байгаа бол тус улсын дотоод хэргийн яам хууль хүчнийхэн зөвхөн өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан гэж зөвтгөж байна.
Боловсролын яамны мэдээллээр, жагсаалын үеэр боловсролын байгууллагын 147 ажилтан бэртэж гэмтсэн бол мягмар гарагт 214 сургууль хаалгаа барьжээ. Оюутнуудын L'Union Étudiante үйлдвэрчний эвлэлийн мэдэгдсэнээр, жагсагчидтай эв санааны нэгдлээ илэрхийлэн тус улсын их сургуулиудын 90 хувь нь хаалгаа бариад байна.
Ахлах ангийн сурагчид сургалтын орчныг сайжруулах, багш нарын дутагдлыг арилгах, хичээлийн цагийн хуваарийг оновчтой болгох шаардлага тавьж байгаа юм.
Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон жагсагчдад хандан хүлээцтэй, тайван байхыг уриалж, тэдний шаардлагыг биелүүлэхэд цаг хугацаа, хэлэлцүүлэг шаардана гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )