Францад бямба гарагийн жагсаалд тусгай хүчин болон хуягт машинуудыг дайчилна

Я.Болор | Zindaa.mn
43 минутын өмнө

Франц даяар бямба гарагт буюу аравдугаар сарын 31-нд болох эсэргүүцлийн жагсаалын үеэр хэв журам сахиулахын тулд 70 мянга орчим цагдаа, жандарм, түүнчлэн тусгай хүчин болон хуягт машинуудыг дайчлахаар болжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдэгдэв.

Орон нутгийн бүх хүчний байгууллагууд, түүний дотор BRI, RAID, GIGN тусгай тасгуудыг татан оролцуулах бөгөөд мөн нисгэгчгүй аппарат, нисдэг тэрэг, морьт бригад болон албаны нохойтой ангиудыг ашиглах аж. Франц даяар, тэр дундаа Парис хотод 26 ширхэг Centaure хуягт тээвэрлэгчийг байршуулах бөгөөд даралттай ус шүршигч машинуудыг бүгдийг нь ашиглана гэж Лоран Нуньес онцолжээ. Түүний хэлснээр, энэ өдөр аюулгүй байдлыг хангахын тулд хууль хүчний бүх алба хаагчдыг амралтаас нь хүртэл дуудан дайчлахад хүрсэн байна.

Цахим сүлжээнд жагсаалд оролцохыг уриалахаас гадна эмх замбараагүй байдал үүсгэхийг өдөөн турхирсан постууд олноор нэмэгдэж байна. Тиймээс хууль бус үйлдлүүд, ялангуяа дээрэм тонуулыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авахыг сануулж, 20:00 цагаас хойшхи бүх цуглааныг хориглож, тараана гэдгийг анхааруулжээ. Түүнчлэн улс даяар хотуудын төв хэсэгт ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчид галт тэрэгний буудал болон замууд дээр өнгөрсөн долоо хоногийнхоос ч илүү хатуу хяналт шалгалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top