Францууд хоолны сав, халбагатай эсэргүүцлээ илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Францууд Парис хотын захиргааны байрны өмнө хоолны саваа халбагаар нүдэж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны мэдэгдэлд эсэргүүцлээ илэрхийлжээ. Макрон даваа гарагт ард түмэндээ хандан, тэтгэврийн шинэчлэлийг яаралтай батлах шаардлага буйг тайлбарласан байна.

Зүүний үзэлтэй намуудын уриалгаар, даваа гарагийн орой ард иргэд Парис хотын захиргаан байрны өмнө цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Хууль хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Макроны мэдэгдэлд дургүйцсэн олон хогийн сав шатааж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Францын Үндсэн хуулийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийн дэмжсэн байна. Хуулийн төсөлд тэтгэврийн насыг 2030 он гэхэд 62-оос 64 болгож нэмэгдүүлэхээр заажээ. Өнгөрсөн бямба гарагт Эммануэль Макрон хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Үндсэн хуулийн зөвлөл шийдвэр гаргасны дараа Францын үйлдвэрчний эвлэлүүд тавдугаар сарын 1-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахын уриалсан байна. Хуульд тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээс гадна хүнд мэргэжилтэй холбоотой тусгай заалтуудыг хүчингүй болгожээ. 2023 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэврийн насыг гурван сараар нэмж эхлэх аж. Францын засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийх болсон шалтгааныг тэтгэврийн санхүүжүүлэхэд хүндрэл үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Албан ёсны мэдээллээр, энэ жил тэтгэвэр олгоход 13.5 тэрбум еврогийн санхүүгийн эх үүсвэр дутагдах аж. Тэтгэврийн шинэчлэл хийснээр 2030 он гэхэд 17 тэрбум еврогийн хуримтлал үүснэ гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top