Италид тэсрэх бөмбөгнөөс болж 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Италийн Бриндизи хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй үлдсэн бөмбөгнөөс болж тус хотын 54 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсад зохион байгуулсан хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа юм.

Бриндизи хотын эрх баригчид “улаан бүс” байгуулж, цэргийн саперуудын ажиллагаа бүрэн дуусах хүртэл оршин суугчдыг тус бүсэд нэвтрэхийг хориглосон байна. Түүнчлэн, хотын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, хоёр эмнэлэг, хорих газрыг түр хаасан байна. Энэ бүсэд амьдардаг оршин суугчдыг буюу хотын хүн амын бараг 60 хувийг бүрэн нүүлгэн шилжүүлсний дараа бөмбөгийг аюулгүй болгох ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагаанд хууль хүчний байгууллагын нэг мянга орчим алба хаагч, 250 сайн дурынхан оролцжээ.

Английн зэвсэгт хүчний 1941 онд Бриндизи хотод хаясан гэж таамаглаж буй тус нэг метр урт, 40 кг жинтэй тэсрэх бөмбөгийг тус хотын “Андромеда” кинотеатрыг өргөтгөх барилгын ажил хийж байсан барилгачид олжээ.

Тэсрэх бөмбөгийг 15 хүний бүрэлдэхүүнтэй саперын баг аюулгүй болгосон бөгөөд даваа гарагт /2019.12.16/ бөмбөгийг хотоос гарган, тусгайлан бэлдсэн газар дэлбэлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн бөмбөг Италийн газар нутагт олон тоогоор олддог аж. Хамгийн сүүлд гэхэд энэ оны аравдугаар сард Больцано хотод дайны үеийн бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа явагдаж байжээ. Тухайн үед хотын оршин суугчдыг мөн нүүлгэн шилжүүлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top