Италийн баруун төвийн үзэл баримтлалтай “Италийн ах дүүс”, “Лиг”, “Урагшаа, Итали” намуудын эвсэл Италийн парламентын дээд танхим Сенатын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр 44.53 хувийн дэмжлэг аваад байна. Парламентын доод танхимын сонгуульд тус эвсэл 44.34 хувийн санал аваад байна гэж Италийн Дотоод хэргийн яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Ингэхдээ “Италийн ахан дүүс” нам 26.39 хувь, 26.44 хувийн санал тус тус аваад байна. Тус намын тэргүүн Жоржа Мелонийг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлэх магадлалтай. Ингэснээр Мелони Италийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болох бол Засгийн газар нь 1922 он төрийн эргэлт хийж, тус улсыг 20 жил удирдсан дарангуйлагч Бенито Муссолинигийн үеэс хойш байгуулагдах анхны хэт барууны үзэлтэй танхим болох юм.
Шинэ парламент гурван долоо хоногийн дараа ажилдаа орох бол засгийн газар нь ирэх сарын сүүлээс наашгүй.
Шинэ Засгийн газрыг эдийн засгийн хямралд автсан, асар их хэмжээний өрөнд орсон, тэгш бус байдал гүнзгийрсэн, инфляц нь дээд хэмжээнд хүрсэн, эрчим хүчний гүнзгий хямралд орсон орон хүлээж байна. Хэт барууны үзэлтнүүд хэдий хэр хугацаанд засгийн эрхэнд тэсэж үлдсэнээс үл хамааран тус улсын бодлого өөрчлөгдөнө гэж шинжээчид үзэж байна. Итали жолооны хүрдээ баруун чиглэлд эргүүлсэн нь Европын Холбоонд амар амьдрал авчрахгүй. Сүүлийн жилүүдэд ЕХ-ны төр, засгийн эрхэнд төв, зүүний үзэлтнүүд илүү гарч, барууны үзэлтэй удирдагчид “өргөсний” үүрэг гүйцэтгэх болсон. Хэрэв Италийн шинэ удирдагчид Европын улс төрийн баруун жигүүрийг тэргүүлбэл ЕХ-ны дотоод шинэчлэлийн явцыг илүү хүндрүүлнэ гэж улс төр судлаачид үзэж байна. Харин ЕХ-ны Оросыг сөрөн зогсох талаар баримталж буй нэгдмэл байдлын хувьд, ямар нэгэн хагарал гарахгүй нь тодорхой.
Сэтгэгдэл ( 0 )