Дэлхийн 2-р дайны үеийн Америкийн бөмбөг Японы нисэх буудалд дэлбэрчээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

Дэлхийн 2-р дайны үеийн Америкийн бөмбөг Японы нисэх буудалд дэлбэрчээ Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы нутаг дэвсгэрт унаад дэлбэрэлгүй нисэх буудлын доор булагдсан байсан АНУ-ын бөмбөг дэлбэрсний улмаас таксины зам дээр том хэмжээний тогоо үүсэж, 80 гаруй нислэг хойшлогдсон ч хүн гэмтээгүй хэмээн Японы холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.

Японы баруун өмнөд хэсэгт орших Миязаки нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэрэх үед ойролцоо нь онгоц байгаагүй байна. Албаны хүмүүсийн хэлснээр, Японы өөрийгөө хамгаалах хүчний шинжээчид болон цагдаа нарын шалгалтын явцад АНУ-ын 230 орчим кг жинтэй тэсрэх бөмбөг дэлбэрснийг тогтоож, цаашид аюул учрахгүй гэдгийг баталжээ. Дүрс бичлэгээс үзвэл, дэлбэрэлтийн улмаас замын хатуу хучилт яг л усан оргилуур шиг агаарт цацарч байжээ. Улмаар таксины зам дээр долоон метр голчтой, нэг метр гүн тогоо үүссэн байна. Болсон үйл явдалтай холбогдуулан 80 гаруй нислэг цуцлагдсан ба пүрэв гарагийн өглөө сэргээжээ.

Миязаки нисэх онгоцны буудал нь 1943 онд Японы эзэн хааны тэнгисийн цэргийн флотын нислэгийн сургалтын талбарын зориулалтаар баригдаж байсан бөгөөд эндээс камиказе нисгэгчид амиа золиослох зорилгоор нислэг хийдэг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын армиас хаясан хэд хэдэн тэсрээгүй бөмбөгийг тус бүсээс илрүүлж байсан гэж Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдэгдэв. Дайны үед дэлбэрээгүй олон зуун тонн бөмбөг Японы эргэн тойронд булагдсан хэвээр байгаа бөгөөд заримдаа барилгын талбайгаас илрэх нь бий.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top