
2011 оны гуравдугаар сард болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы газар нутаг тэр чигтээ 5-6 мм зүүн зүгт шилжсэнийг АНУ, Францын газар хөдлөлт судлаачид тогтоосон байна. Асар хүчтэй газар хөдлөлтөд үүссэн долгион дэлхийн цөмд хүрч, ойхдоо Японы нутаг дэвсгэр доор чулуун мандлын хэд хэдэн тектоник хавтанг огцом хөдөлгөжээ.
Чикагогийн их сургуулийн судлаач Пак Соньен тэргүүтэй судлаачид 2011 оны гуравдугаар сард болсон асар хүчтэй газар хөдлөлтийн үеэр Японы нутаг дэвсгэрт байрлуулсан байсан олон мянган станц, өндөр нарийвчлалтай GPS төхөөрөмжүүдээс авсан мэдээллүүдийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. Өнөөг хүртэл судлаачид ийм онцгой үзэгдэлтэй таарч байгаагүй аж.
Хэд хэдэн тектоник хавтан огцом хөдөлсний үр дүнд гарсан байршлын хөдөлгөөн хүчтэй газар хөдлөлтөөс 13 минутын дараа болсон байна. Яг энэ үеэр газар хөдлөлтийн станцууд баруунаас зүүн зүгт чиглэсэн ер бусын долгион бүртгэж авчээ.
Эхний газар хөдлөлтөөс үүссэн чичирхийллийн долгион хэдхэн минутын дараа дэлхийн цөмд хүрч, буцаж ойн газрын гадаргуу руу чиглэжээ. Улмаар Номхон далай, Агнуур, Евроази болон чулуун мандлын бусад тектоник хавтангуудад нөлөөлсний улмаас хавтангууд огцом хөдөлсөн байна.
Супер газар хөдлөлтийн эл үзэгдлийг өмнө нь судалж байгаагүй бөгөөд үүнийг судалснаар Зүүн Японы их газар хөдлөлт ирээдүйд давтагдах магадлалыг нарийн үнэлэх боломжтой болно гэж судлаачид үзэж байна.
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд Мияги мужийн эрэг орчим Японы түүхэн дэх асар хүчтэй буюу 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, үүний улмаас аварга цүнами үүссэн билээ. Байгалийн гамшигт 15893 хүн амиа алдаж, 2550 өнөөг хүртэл олдоогүй байна. Цүнамигийн улмаас мөн Фүкүшима-1 атомын цахилгаан станцад осол гарч, эрчим хүчний хангамж, хөргүүрийн систем ажиллагаагүй болсны улмаас цөмийн түлш хайлж, устөрөгчийн дэлбэрэлт болж, ойр орчмын газар цацрагаар бохирдсон юм.



Сэтгэгдэл ( 0 )