Сургуулийн удирдлага, багш, суралцагчдыг “Шударга үйлдэл – Миний бахархал” аянд идэвхтэй нэгдэж, сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг өөрийн орчинд тогтмол зохион байгуулахыг уриалж байна.
Авлигатай тэмцэх газар, Монголын сурагчдын холбоо хамтран 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн тус соён гэгээрүүлэх аяныг 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд суралцагчдад шударга ёсны талаарх мэдлэг, ойлголт олгох, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас:
Өсвөрийн сургагч багш бэлтгэх сургалт: Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймаг болон Налайх, Багануур дүүргийн нийт 904 суралцагчийг сургагч багшаар бэлтгэсэн. Мөн цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 340 сургуулийн 11,045 суралцагч хамрагджээ.
Арга зүйн зөвлөгөө: Нийслэлийн төвийн 6 дүүргийн 45 сургуулийн 210 суралцагчид “Шударга үйлдэл ба үндсэн дүрэм”, “Илтгэх ур чадвар”, “Шударга ёсны модыг хэрхэн ургуулах зааварчилгаа” сэдвээр арга зүйн зөвлөгөө өгч, үе тэнгийнхэндээ сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах ур чадварыг эзэмшүүлсэн.
Сургалт: Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулсан сургалтад нийслэлийн 11 сургуулийн 355 суралцагч хамрагдсан бол ерөнхий боловсролын 16, 179, 17 дугаар сургуулийн нийт 268 суралцагчийг хамруулсан байна.
Сургуулийн удирдлагуудыг мэдээллээр хангасан нь: Аяныг эрчимжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 690 сургуулийн 860 захирал, нийгмийн ажилтанд аяны зорилго, чиглэл болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгчээ.
Сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн “Өсвөрийн сургагч” багш нар цаашид сургууль, анги хамт олон, үе тэнгийнхэндээ зориулан 15–20 минутын богино хэмжээний сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна “Шударга ёсны андгай”, “Нэг минутын хичээл”, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг манлайлан хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )