“Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниар БНХАУ-ын “China Nonferrous Industry’s Foreign Engineering and Construction” компани шалгарчээ. Одоогоор компанитай хэлэлцээ хийх, гэрээний төслийг боловсруулж, тохирох ажил үргэлжилж байна. Эцсийн шийдвэр ойрын хугацаанд гарч, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажээ.
Сонгон шалгаруулалтыг олон улсын нээлттэй цахим хуудсанд зарлаж, зэс, металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 20 орчим улсын нийт 55 компанид мэдээлэл хүргүүлжээ. Үүнээс долоон улсын 13 компани хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал ирүүлсэн байна. Эдгээрээс төсөл хэрэгжүүлэх туршлага, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх зэргийг харгалзан үзэж компанийг сонгожээ.
Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж, үйлдвэр ашиглалтад орсноор ашигт малтмалын боловсруулалтыг шат ахиулан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн катодын зэсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болох кабель утас, зэс нунтаг, хоолой гэх зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )