Мьянмарын гадаад хэргийн сайд, үндэстний удирдагч, 1991 оны Нобелийн энх тайвны шагналтан Ан Сан Сү Чи Нидерландын Гааг хотноо НҮБ-ын олон улсын шүүхэд рохинжа ястны эсрэг хоморголон устгах ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж буй Мьянмар улсын байр суурийг хамгаалж оролцсон. Өнгөрсөн сард тэрбээр өөрийн биеэр Гаагийн олон улсын шүүхэд очих болсноо мэдэгдэж байсан билээ.
Маргаан юунаас үүдэв?
Рохинжа үндэсний цөөнх нь Мьянмарын Ракхайн мужид суурьшсан бенгал хэлний төрөлд хамаарах хэлээр ярьдаг, исламын шашинтай ястан. Рохинжачууд олон үеэрээ энэ бүс нутагт аж төрж байсан бөгөөд Европын эх сурвалжуудад энэ ястны талаар XVIII зууны үеэс дурдаж эхэлсэн байдаг. Гэсэн хэдий ч Мьянмарын эрх баригчид Британийн колоничлолын үед болон Бангладешийн тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр Энэтхэгээс нүүж ирсэн гэж үздэг бөгөөд “рохинжа” хэмээх нэр томьёо хэрэглэдэггүйгээр үл барам тэднийг бенгалчууд хэмээн иргэншил олгохоос татгалздаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед тухайн үеийн Бирмийн бурхны шашинтнууд Японы эзлэн түрэмгийлэгчдийг дэмжсэн бол рохинжачууд Британийн эрх баригчдын талд зогсож байв. 2016 оны аравдугаар сараас 2017 оны арванхоёрдугаар сарын хооронд Мьянмарын арми Ракхайн мужид Мьянмарын эрх баригчдын тодорхойлсноор бенгалын босогчид, Араканы рохинжачуудыг аврах армийн салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаа явуулсан билээ. Үүний улмаас 2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 915 мянган рохинжа ястан хөрш Бангладеш улс руу зугтаан гарсан гэх мэдээл бий. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр 742 мянга, зарим эх сурвалжийн мэдээлснээр, 700 мянган рохинжа 2017 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Бангладеш улсад иржээ. Цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Мьянмарт 800 мянгаас нэг сая орчим рохинжа ястан амьдардаг байсан гэх мэдээлэл бий. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын мэдээллээр, 6700 мянган рохинжа амь үрэгдсэнээс 730 нь хүүхэд байжээ. Дүрвэгсэд цэргийнхний хэрцгий үйлдэл, хүчирхийллийн талаар ярьдаг бол Мьянмарын Засгийн газар терроризмтой тэмцсэн хэмээн тайлбарладаг. Энэ оны есдүгээр сард Ракхайн мужид ажилласан гаднын сэтгүүлчид, тухайлбал ВВС агентлагийн сурвалжлагч Жонатан Хэд рохинжачуудын гэрийн бууринд цагдаагийн хуаран зэрэг шинэ барилгууд бий болсон талаар бичсэн байдаг. Харин үүнийг эрх баригчид нь дүрвэн гарахаасаа өмнө рохинжачууд өөрсдөө орон гэрээ шатаасан гэх. Рохинжачуудыг өмөөрөн олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд, исламын шашинтай улс орнууд байр сууриа илэрхийлж байсан. Арван рохинжаг хөнөөсөн хэргээр ял авсан долоон цэргийн алба хаагчийг энэ оны тавдугаар сард хугацаанаас нь өмнө сулласан нь олон улсын нийгэмлэгийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Энэ оны гуравдугаар сард Бангладешийн Засгийн газар дүрвэгсдийг дахин хүлээн авах боломжгүй болсон тухай мэдэгдэж, наймдугаар сард сайн дураар эх оронд нь буцаах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч бараг хэн ч буцаагүй байна. Олон улсын хүмүүнлэгийн 39 байгууллага Бангладешийн эрх баригчдыг 100 мянган рохинжаг Бенгалийн хойг дахь Базар Чар аралд байрлуулах төлөвлөгөөг шүүмжилж байсан юм.
Ан Сан Сү Чи юу өгүүлэв?
Мьянмарын удирдагч улсынх нь эсрэг тулгасан хэргийн мэдээллийг бүрэн бус бөгөөд үндэслэлгүй хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээр, асуудал олон зууны өмнөөс үүдэлтэй бөгөөд саяны мөргөлдөөн Ракхайн дахь цагдаагийн постууд руу босогчид дайрснаас эхэлсэн гэнэ. Нобелийн шагналтан Засгийн газрын хүчнийхний зүгээс хэрэглэсэн хүч зарим тохиолдолд ширүүдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, цэргийн гэмт хэрэг үйлдсэн тодорхой албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн амласан. Мьянмарын эрх баригчид өдгөө дүрвэгсдийг аюулгүй буцаах зорилго агуулж буйг дурдаад нөхцөл байдлыг хурцатгах аливаа шийдвэр гаргахгүй байхыг олон улсын шүүхээс хүсжээ.
Хэн хэнийг шүүж байна вэ?
Олон улсын эрүүгийн шүүх зэрэг НҮБ-ын ивээл дор үйл ажиллагаа явуулдаг бусад шүүхийг бодвол НҮБ-ын Олон улсын шүүх улс хооронд үүссэн маргааныг авч хэлэлцдэг. Хувь хүний хариуцлагын асуудлыг эл шүүх хариуцдаггүй. Мьянмарын эсрэг исламын шашинтай Гамби улс Гаагийн олон улсын шүүхэд хандсан. Мэдүүлэгт 2016 оны аравдугаар сараас 2017 оны арванхоёрдугаар сарын хооронд Мьянмарын цэргийнхэн рохинжа ястныг бүрэн эсвэл хэсэгчлэн устгах зорилгоор тэдний эсрэг өргөн хүрээний цэвэрлэгээ явуулсан гэж онцолжээ. Энэ ажиллагааг НҮБ геноцид буюу хоморголон устгах хэмээн нэрлэдэг. Гамби улс Мьянмарын эрх баригчдыг рохинжачуудыг үй олноор хөнөөж, тамлан, гэр оронтой нь хамт галдан шатаасан хэрэгт буруутгаж буй юм. НҮБ-ын ажлын хэсэг хохирогчдын мэдүүлгийг судалж, шүүх ажиллагаа явуулах үндэслэл бий гэсэн дүгнэлтийг энэ оны наймдугаар сард танилцуулсан билээ. Гамби улс Мьянмар улсад учир утгагүй аллага, хэрцгийллийг зогсоохыг Танаас хүсэж байна. Энэ бол ард түмнийхээ эсрэг үйлдэж буй хоморголон устгах ажиллагаа юм гэж Гамбийн хууль зүйн сайд Абубакар Тамбаду шүүх дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. ВВС агентлагт өнгөрсөн аравдугаар сард өгсөн ярилцлагадаа Тамбаду өөрөө болон НҮБ-ын ажилтнуудын Бангладешийн газар нутагт байрлаж буй дүрвэгсдээс авсан мэдүүлэг дээр үндэслэн ял тулгаж байгаа хэмээн онцолжээ. Олон улсын шүүхэд тусгаар улсын эсрэг албадлагын чанартай шийдвэр гаргах механизм байдаггүй. Энэ шатанд олон улсын шүүх Мьянмараас рохинжачуудын эсрэг хүчирхийлэл цаашид гаргахгүй байхыг шаардах л эрхтэй. Хэрэв энэ шаардлагыг зөрчвөл дэлхийн нийгэмлэг тус улсын эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ авах юм. Мьянмарын эрх баригчдын энэхүү цуст үйлдэл үндэсний цөөнхийн эсрэг үйлдсэн хоморголон устгах ажиллагаа байсан эсэхийг тогтооход олон жилийн хугацаа шаардана гэж ажиглагчид үзэж байна. Мьянмарын эрх баригчдад эс таалагдсан шийдвэр гарсан ч хэн нэгнийг баривчлах, шүүхэд шилжүүлэхэд хүргэхгүй ч байх талтай.
Нэр хүнд сэвтэв үү?
Ан Сан Сү Чи эх орондоо маргаангүй нэр хүндтэй ч дэлхий дахинд сүүлийн хэдэн жилд болж буй хэрэг явдалтай холбоотой эргэлзээ төрүүлэх болсон. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард Ракхайн дахь ажиллагаа эхлэхээс таван сарын өмнө төрийн эрхэнд гарсан. Армийн командлал түүнд шууд захирагддаггүй ч үндэсний удирдагч энэ ажиллагааны хамсаатан гэж НҮБ-ын шинжээчид түүнийг буруутгадаг. Тусгаар Бирм улсын /Мьянмар/ үндэслэн байгуулагчийн охин болох 74 настай улс төрч цэргийн дэглэмийн үед 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлж, 1991 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж, ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг байсан юм. Харин өнөөдөр тэрбээр нэгэн цагт түүнийг гэрийн хорионд хорьж байсан генералуудын хамтаар хаалтын нэг талд зогсоно.
Сэтгэгдэл ( 2 )
Какахууд Чингэсийн үр сад гэж өөрсдийгөө тодорхойлсон шүүдээ Түүнийг нь эсэргүүцсэн зарим хүн шоронд орох шахсан билээ.Казахстанд очоод гологдоод буцаж ирэхэд нь манайх аваагүй пасорт дахин өгөөгүй байгаа Тэд Казахстаны бүртгэлтэй паспорттой шүүдээ
Эх орныхоо төлөө нэр төрөө ч гаргуунд гаргаж байна. Манай дүр эсгэгчид ийм зориг гаргаж чадахгүйдээ. Лал байгаа газар байнга гай зовлон гардаг. Хотынхоо төвд лалын сүм босгосон өөр шашинтай улс манайхаас өөр хаана ч байхгүй. Буулгаад хогоо ачаад зайлаарай хогийн хасагууд. Хасагстан луугаа эсвэл хятадын шинжаандаа буцвал таарна. Хэзээ монголд гай болох болдоо