Олон улсын валютын сан Мьянмарт өнгөрсөн долоо хоногт буюу цэргийн эргэлт гарахаас хэдхэн хоногийн өмнө коронавирусний цар тахалтай тэмцэхэд зориулсан яаралтай тусламжийн хүрээнд 350 сая ам.долларыг шилжүүлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
ОУВС-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх энгийн хөтөлбөрүүдийг бодвол яаралтай тусламжийн хөтөлбөрийн хүрээнд олгосон мөнгийг буцаах боломжгүй байдаг аж.
“Мьянмарт үүссэн нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байна. Тус улсад болж буй үйл явдал тус улсын эдийн засаг, ард түмэнд үзүүлэх нөлөөлөлд санаа зовниж байна” гэж тус сангаас мэдэгджээ. Яаралтай тусламжийн хөтөлбөрийн хүрээнд байгуулсан гэрээнд тодорхой нөхцөл заадаггүй бөгөөд тухайн улсын засгийн газар тусламжийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байдаг гэнэ.
Мьянмарын цэргийн эргэлтийг зохион байгуулагчид Төрийн захиргааны зөвлөл байгуулсан талаар мэдэгджээ. “Myanmar Times” хэвлэлд мэдээлснээр, энэхүү байгууллага 11 хүнээс бүрдсэн ба Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Мин Ан Хлайн тэргүүлж байна. Зөвлөлийн тус улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулжээ. Үндсэн хуулийн 419 дэх зүйл заалтаас үзвэл төрийн эрх мэдлийг шилжүүлж авсан ерөнхий командлагч хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг өөрөө эсвэл тусгай байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэн эрхтэй гэж заажээ.
Энэ сарын 1-нд Мьянмарын арми тус улсад онц байдал нэг жилийн хугацаанд тогтоож, төр, засгийн удирдлагыг огцруулсан тухай зарласан билээ. Үүнийг тэд парламентын сонгуулийн санал хураалтын дүнг луйвардсан хэмээн тайлбарласан. Цэргийнхэн олон зуун албан тушаалтнуудыг баривчилсны дунд Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мин, эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Сү Чи нар байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )