Мьянмарын арми чухал объектуудыг хянаж, олон улсын бүх нислэгийг 6-р сар хүртэл зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Мьянмарын Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд засгийн газрын байр, чухал объектуудыг хамгаалалтдаа авч, тус улсын хамгийн том хот болох Янгоны олон улсын нисэх онгоцны буудлыг хаагаад байна.

Киодо агентлагийн мэдээллээр, тус улсын ихэнх хувийн сувгууд ажиллахгүй байгаа ба төрийн төв телевиз нь армийн тусгай сувгийн нэвтрүүлгийг давтан үзүүлж байгаа гэнэ. Янгон хотод нөхцөл байдал тайван байгаа хэдийн ард иргэд бэлэн мөнгө авахаар банкинд дараалал үүсгэж, хүнс их хэмжээгээр худалдан авч байгаа аж.

Мьянмарын төрийн эрхийг гартаа аваад буй цэргийнхэн олон улсын бүх нислэгийг ирэх зургаадугаар сар хүртэл зогсоож буй тухай нисэгчдэд мэдэгдэл хүргэсэн байна. “Myanmar Times” хэвлэлд мэдээлснээр, Мьянмараас хөөрөх, буух олон улсын бүх нислэгийг 2021 оны тавдугаар сарын 31 хүртэл зогсоожээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, цэргийнхэнд баривчлагдаад байсан ихэнх яамдын сайд нарыг сулласан байна. Мьянмарын арми мужуудын амбан захирагч, эрх баригч намын парламентын гишүүдийг сулласан байна.

Мьянмарын арми Ерөнхийлөгч Вин Мин, Нобелийн шагналт, төрийн зөвлөх, гадаад хэргийн сайд Ан Сан Сү Чи зэрэг олон зуун албан тушаалтныг баривчлаад байгаа.
Киодо агентлагийн мэдээллээр, Ан Сан Сү Чи гэрийн хорионд ороод байна гэж мэдээлсэн бол NHK түүний байгаа байршил тодорхойгүй байна гэжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлхий(202.179.26.3) 2021 оны 02 сарын 02

Мьянмар/ Бирма/ ардчилалгүй болж дээ.

0  |  0
Top