Инфляц | Төв банкны төөрөгдөл

Б.Сэцэн | Zindaa.mn
49 минутын өмнө

Төөрсөөр төрлөө олж, Ардын намын халаасны этгээд Төв банкан дээр очоод зайдалж байгаа энэ цаг үед инфляцын гол шалтгаан нь хүнсний үнийн өсөлт гэж иргэдээ төөрөгдүүлж сууна. Төв банк нь бодлогын хувьд төөрөгдөж байгаагаа инфляцын суурь шалтгааныг төөрөгдүүлж тайлбарлаад байж байна. Үр дүнд нь Төв банк цаад шалтгаантай нь биш, үр дүнтэй нь байлдсаар өдийг хүрлээ.

Бодлогын хүүг ээлжит бусаар хуралдан нэмэгдүүлэхээс өмнө хэвлэлүүдээр инфляцын өсөлтийн тухай мэдээлэл “бөмбөгдөв дөө”. Инфляц улс даяар 13% болж өссөн. Гол буруутайн нь хүнс, махны үнэ өссөн явдал гэж дүгнээд нийт инфляцын 57.3%-г бүрдүүлсэн гэж гөрдсөн. Гөрдөж дуусаагүй байтал СЭЗИС-ийн багш нь “Иргэдийн хадгаламж нэмэгдээд, тэр нь зээл болж гармагц мөнгөний нийлүүлэлт болоод инфляц өссөн” гэж улайм цайм гөрдөв. Уг нь нийлүүлэлтийн цочирдол нь үнийг өсгөдөг гэдгийг аль 70-аад онд олоод тогтоочихсон. Манайд мөнгөний нийлүүлэлт гэдэг нь төрийн шалтгаант нийлүүлэлт байгааг эдийн засагчид хэлээд байхад л Төв банк төөрүүлж, төөрөгдүүлсээр л байна.

Төр нь мөнгө нийлүүлээд байхад Төв банк нь инфляцын өсөлтийг ус, ундаа, мах руу чихээд байж болохгүй!

Мөнгөний нийлүүлэлт (М2) хурдацтай өсөх нь тодорхой хугацааны дараа эрэлтийн шалтгаант инфляцыг заавал дагуулдаг. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний хагас жилийн байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6%  буюу 11.2 их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Энэ нь инфляцыг өдөөх гол хүчин зүйл болох нь тодорхой байсаар атал Төв банкнаас юу ч хийгээгүй. Мөнгөний нийлүүлэлт их, хүү бага байх үед зах зээлд буй илүүдэл төгрөг валют руу тэмүүлж, ам.долларын ханш өсөөд, улмаар импортын инфляцыг дэвэргэдэг. Дээрээс нь Засгийн газрын төсвийн зарлага, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар дамжин мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байхад Төв банк мөнгөний бодлогоор эрт сөрж чадаагүй. Төв банкны Үндсэн хуулиар хүлээсэн гол үүрэг бол мөнгөний тогтвортой байдал буюу инфляцыг хазаарлах явдал. Засгийн газрын функц нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг бол Төв банк эдийн засаг хэт халахаас сэргийлж “тоормос” гишгэх үүрэгтэй.

Гэвч мөнгөний нийлүүлэлт огцом тэлж байхад хүүгээ хөдөлгөхгүй хөшүүн байсан нь Монголбанк үүргээ умартан Засгийн газрын улс төрийн сонирхолд хөтлөгдсөний тод жишээ.

Манайх шиг импортоос бүрэн хамааралтай, түүнийгээ тойрсон эдийн засагтай улсад мөнгөний нийлүүлэлт тэлэхээр иргэд, бизнесүүдийн гар дээр төгрөг нэмэгдэнэ. Импортын худалдан авалт дагаад өснө. Валютын суваг хэт халж ам.долларын төгрөгтэй харьцах ханш өснө. Хэрэв та ажигласан бол ам.долларын ханш хэдийнээ 3600-г давсан шүү дээ. Ингэхээр бүх барааны үнэ өснө. Цикл уг нь аль хавар л эхэлсэн юм. Цикл эхлээд байхад л Засгийн газар нь “хааз”-аа нэмээд л байв. Төсвийн тэлэх бодлогыг бараг хоёр жил баримтлаад, их хэмжээний мөнгийг зах зээл рүү шахчихсан. Энэ үед нь Төв банк тоормоз гишгээд зах зээлд дохио өгөх ёстой байтал хүлээсээр байгаад хугацаа алдсан. Инфляц огцом өссөний дараа Төв банк бодлогын хүүг гэнэт нэмэх нь эдийн засагт шок авчрах эрсдэлтэй. Төв банкны удирдлагаар МАН халаасны хүнээ тавьж байхтай зэрэгцээр 14 мега төсөл гэж хий мөрөөдөлдөө автсаар байлаа. Уг нь яг тэр үед төсвийн тэлэх бодлогыг улдан эсэргүүцээд Төв банк үндсэн үүргээ биелүүлсэн бол иргэд бид төлөөсийг нь төлөхгүй байлаа. Гэвч Төв банк улс төрийн хувьд айж тэдний мөрөөдлийг сонсож, алга ташсаар өнөөг хүрсэн.

Монголбанкны бодлогын хүү 2022 онд 13% болж өссөн. Энэ нь дэлхий дахиныг нүүрлэсэн цар тахал, нийлүүлэлтийн шалтгаант инфляцын өсөлт өндөр байсантай холбоотой. Улмаар 2024 оны нэгдүгээр улирлд 12% болгоод, гуравдугаар улиралд нь 10% болгосон. Ингээд байж байтал 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг 12% болгож нэмэгдүүлсэн. Инфляц тухайн үед өссөн нь цэвэр улстөрийн шалтгаант өсөлт байсан. Сонгуулийн үеийн популист амлалт, дээрээс нь Тавантолгойн хувьцааг палхийтэл гэнэт тараасан нь инфляцын өсөлтөд нөлөөлсөн. Авчиг Төв банкнаас бас л хүнсний үнийн өсөлт, ус ундаанд буруугаа чихээд өнгөрсөн. Макро зохистой бодлого гэх сайхан малгай өмсгөөд төрийн лай ланчиг ард иргэдэд ирсэн нь энэ. Тэгээд яасан дэлхийн чиг хандлагыг манай мөнгөний бодлого сөрж зогссон. Тухайн үед дэлхийн томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ буулгаж, зөөлрүүлэх циклдээ ороод байхад манайх эсрэгээрээ ердөө буулгаагүй. Мөнгөний хатуу бодлого баримталж, хэрэглээний зээлийг хязгаарласан. Үүнээс үүдээд арилжааны банкны бизнес, иргэдийн зээлийн хүү өндөр байсан. Хүү буурах хүлээлт давамгайлсан зах зээлд бодлогын хүү өндөр хэвээр бүтэн жил өнжөөд, одоо 12.5% болж өслөө.

Өнгөрсөн хоёрдугаар сард 6-7 хувьд хэлбэлзэж байсан инфляц таван сарын дотор хоёр дахин нэмэгдсэн. Суурь инфляц 13% болж эрчимжсэний дараа Төв банк ухаан орсон юм шиг бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь хамгийн том алдаа.

Төв банк уг нь урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэвч гараад ирсэн асуудалд хариу үйлдэл үзүүлэх байдлаар ажиллаж байна.

Инфляцын суурь шалтгаан нь ус ундаа, мах бус төсвийн тэлэлт, Төрийн шалтгаант гэдгийг ойлгох хэрэгтэй. Шатахуун, цахилгаан, дулааны нэмэгдэл, эмч, багш нарын цалинг нэмсэн явдал нь Засгийн газрын төсвийн зарлагыг нэмэгдүүлж, улмаар тэр нь инфляц болж бидэнд ирсэн. Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлсэн нь төрийн сайхан бодлого мэт харагдаж байгаа боловч жаахан нэмэгдэл нь хэдэн сарын дараа инфляцын өсөлт болоод үнсэнд хаясан шалз лугаа адил болсон. Төгрөгийн бодит худалдан авах чадвар буурахаар хэчнээн ихээр цалин нэмэгдсэн ч ахуй амьжиргаанд нь хүрэхэгүй. Тэгэхээр төрийн сайхан санаа бус янаглан хорлож буй л үйлдэл болно.

Төв банкны гөрдсөн ус ундаа, СЭЗИС-ийн багшийн гөрдсөн хадгаламжийн нэмэгдэл бус Төр гэдэг субъект мөнгө тараасаар, нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр байвал манай инфляц өссөөр л байна. Төгрөг үнэгүйдсэн тэр цагт гал түлж ноцоохоос өөр аргагүйд хүрвэл хэн алдааг нь үүрэх вэ?!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top