Инфляцын буруу нь зээл. Үнийн хөөргөдлийн буруу нь зээл. Гагцхүү эдийн засгийн гол буруу нь зээл. Монголбанкны шинэ тэргүүн ингэж оношилсон. Оношилгоо иргэд дээрээ л буудаг учраас хэрэглээний зээлийг хязгаарлаж байгаа нь энэ. Ер нь мөнгө, сангийн бодлого алдагдаад удсан нь үнэн. Энэ үнэнтэй эрх баригчид нүүр тулъя гэж санаж. Нүүр тулахдаа иргэд ээ л урдаа барьсан нь нүцгэн үнэн. Одоо хэрэглээний зээл олдохоо болино. Яагаад гээч Монголбанк ингээд шийдвэрлэчихсэн болохоор...
Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдсан. Энэ хуралдаанаар банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 болгон нэмэгдүүлснээр зарласан юм. Ингэж өсгөсөн нь бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, импортыг тэтгэж, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзсэн гэнэ.
Банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 болгон нэмэгдүүлэв. Товчхондоо зээл олголт буурна гэсэн үг...
Ер нь улс орнуудын Төв банкнууд хэд, хэдэн шалтгаанаар хэрэглээний зээлийг хязгаарладаг. Тухайлбал зээлийн өсөлтөөс сэргийлэхийн тулд. Хэрэглээний зээлийн хэт хурдан өсөлт нь өрийн дарамт нэмэгдүүлж, санхүүгийн системийг эмзэгшүүлдэг. Хэрэглээний зээл олголт нэмэгдэх тусам хэрэглээ өсөж, үүнийгээ дагаад инфляц нэмэгддэг. Цаашлаад иргэдийн өрийн хэмжээ орлоготой нь харьцуулахад хэт өндөр бол банкны системд эрсдэл үүсдэг.
Монгол Улсын тухайд 2025 оны эцсийн байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэл 6.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 21% өссөн үзүүлэлт. Хэрэглээний зээлийн 60-аас дээш хувийг цалингийн зээл эзэлж байна. Улмаар автомашины зээл 15%, бараа, үйлчилгээний лизинг 10%, кредит карт болон хэрэглээний зориулалттай бусад бэлэн зээл 15%-г бүрдүүлж байна. Өнгөрөгч 2025 онд хэрэглээний зээл огцом өссөн нь эдийн засгийн идэвхжил, хэрэглээний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь нөгөө талаар мөнгөний бодлого чангарч хэрэглээний зээлийг хязгаарлахаас өөр аргагүй нөхцөлд хүргэсэн юм. Ер нь ч шинэ зүйл биш л дээ. Монголбанк 2024 оноос эхлэн хэрэглээний зээлийг хязгаарлах, өрийн дарамт үүсэх эрсдэлийг бууруулах бодлого баримталж ирсэн юм. Цаашид хэрэглээний зээл огцом өсөх хандлагатай байвал энэ хязгаарлалт мөддөө сулрахгүй. Дээрээс нь их гүрнүүдийн геополитикийн тоглоом эдийн засгийг дунд хугацаандаа эрсдэлд оруулж байгаа учраас зээл авахад хэцүү болно оо л гэсэн үг.
Монгол Улсын тухайд 2025 оны эцсийн байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэл 6.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 21% өссөн үзүүлэлт.
Манайхтай хөгжил ижил Гүрж улсад өр, орлогын харьцаа нь 40-50% байдаг. Түүнчлэн хүүг 32-60% болгож хуульчилсан байдаг. Зээлийн хугацаа нь 6-12 сарын богино хугацааны зээлд хамаардаг. Арменийн тухайд өр, орлогын харьцаа нь 50% байдаг бөгөөд хүүгийн дээд хязгаар 36-48% байдаг. Зээлийн хугацаа нь 36 сарын урт хугацаатай зээлд хамаардаг. Дээрх улс орнууд нь эдийн засгийн эрсдэл өндөр ч төв банкны хараат бус байдал харьцангуй хангагдсан. Нэг ёсондоо манайх шиг улс төрийн амлалтуудаар будагдаад байдаггүй, эдийн засгийн тогтсон жамаар өрнөж байгаа асуудлыг зохицуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Харин манайх бол эсрэгээрээ. Ямар сайн даа УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж уулзаад загнаж байхав дээ. “Ахмадын зээлийн хугацааг сунга” гэж парламентын индэр дээрээс муухай царайлж, шаардаж суудаг манайх шиг даргатай улс байдаг ч юм уу, бүү мэд.
Ямартаа ч эдийн засаг хүнд байна. Ачааг нь бид үүрнэ. Үүрэхдээ зээлгүй үүрнэ. Яагаад гэвэл зээл эдийн засгийг хүндрүүлээд байгаа учраас...

Сэтгэгдэл ( 1 )
Зээлээ бүрмөсөн хаа.