“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ

Я.Болор | Zindaa.mn
44 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал аж ахуйн хөгжлийг дэмжих, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд “Нутагтаа эзэн-100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж өнөөдөр ийнхүү нээлтийг нь хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, нээж үг хэлсэн бол, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат төслийн үр дүнг танилцуулав.

Нээлтэд УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар, төслийг хэрэгжүүлэх 17 аймгийн 25 сумын 25 багийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож байна.

“Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, малын чанарыг сайжруулан, малчдын хоршоо, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжинэ гэдгийг салбарын сайд Ц.Идэрбат онцоллоо.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал болон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч сумдын Засаг дарга нарт батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас төсөл хэрэгжих сумдад 3 төрлийн тэжээлийн таримлын үрийг олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, Судан өвсний үр 870 кг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрт 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байгаа юм.

Төсөлд хамрагдсан багуудад 100 хүртэлх га-г сум, орон нутгаас нь зөвшөөрөл олгон ашиглуулна. Сумд тэжээлийн үр, бордоогоо зөөвөрлөхөд "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн зүгээс дэмжин ажиллана. Энэ зуны тэжээл тариалалт, намрын хураалтад тухайн аймгуудын ХХААГ-аас мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм.

Монгол Улс 1626 багтай бөгөөд үүнээс аймаг, сумын төвийн багуудыг хасаж тооцоход ногоон тэжээл тариалах шаардлагатай 1071 баг байгаа юм. Харин улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112,265 га талбай бүртгэгдсэн нь “Нутагтаа эзэн-100:1000” төслийг хэрэгжүүлэх бааз суурь болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top