Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо. Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүллээ.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын 28,142 эмч, ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 5,707 албан хаагч, шинжлэх ухааны салбарын 1,610 ажилтан, бусад салбарын төрийн үйлчилгээний 16,395 албан хаагч, нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477.0-903.0 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан.
Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны II улирлаас 20хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.

Сэтгэгдэл ( 0 )