АНУ, Иран хэлцэл байгуулах зарчмын тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Вашингтон, Тегеран Ормузын хоолойг нээх нөхцөл бүхий хэлцэл байгуулах тухай зарчмын тохиролцоонд хүрсэн тухай “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Гэсэн хэдий ч Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг хэзээ сэргээх, газрын тосны үнэ хэзээ буурах нь одоогоор тодорхойгүй байна гэж тус хэвлэл онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн зөвшилцөлд хүрээгүй байгааг тодруулжээ. Талууд гал зогсоох дэглэмийг 60 хоногоор сунгаж, Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг 30 хоногийн дотор сэргээхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байна гэж “The Washington Post” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны дараа Иран Ормузын хоолойг даруй нээх ба хөлөг онгоцны хөдөлгөөнийг сэргээх арга хэмжээ авна. Талууд мөн Ливаныг оролцуулаад бүхий л фронтод цэргийн ажиллагааг зогсоосноо зарлах аж.

“The Washington Post” сонинд бичсэнээр, хэлэлцээрийн төсөлд Иран цөмийн зэвсэг боловсруулахгүй бөгөөд баяжуулсан ураны нөөцийг устгах зөвшөөрөл олгоно. Үүнтэй холбоотой механизмыг ирэх хоёр сард зөвшилцөнө. Түүнчлэн, АНУ Ираны 12 тэрбум ам.долларын царцаасан активыг чөлөөлөхөөр заажээ.

Талууд одоогоор ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй байгааг “The Washington Post” сонин онцолсон байна. Ираны эрх баригчид эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Ираны эх сурвалжийн мэдээлснээр, харилцан ойлголцлын санамж бичигт цөмийн асуудлыг тусгаагүй. Зөвхөн цаашид хэлэлцэнэ гэж заажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 23-нд Ирантай байгуулах хэлэлцээрийн төслийг ерөнхийд нь зөвшилцсөн гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Бахрейн, Египет, Иордан, Катар, АНЭУ, Пакистан, Саудын Араб болон Туркийн тэргүүн нартай утсаар ярьж, санамж бичгийн талаар хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top