Премьер Лиг | Сүүлийн тойрог онцлох МӨЧҮҮД

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Английн хөлбөмбөгийн дээд ангилал Премьер лигийн энэ улирал шувтарлаа. Арсенал клуб 22 жилийн дараа түрүүлж, домог болсон олон тамирчин төрөлх клубтэйгээ сүүлийн тоглолтоо хийлээ. Сүүлийн 10 жил Англид ноёрхсон Манчестер Сити клубийн дасгалжуулагч Пеп Гуардиола багаа орхиж, нэгэн эрин шувтарлаа. Багийнх нь 100-аад жилийн түүхэнд өргөж үзээгүй цом гээчийг нь авчирч чадсан Оливер Гласнер Болор ордоны бүргэдүүдээс замнал нь салж буйгаа зарлав. Уест Хем клуб 2010/11 улирлаас хойш эцсийн мөчид доод лиг рүү унахаар болов. Харин Сандерленд, Борнмут клубууд эцсийн мөчид Европын тэмцээнд оролцох эрхээ халааслалаа. Дэлхийн брэнд "1xBet" улирлыг хэрхэн дүгнэснийг хамтдаа танилцацгаая...


22 жил хүлээсэн түрүү

Артетагийн Арсенал ингэж нэг юм Английн Премьер лигт түрүүллээ. Клубийн гарааны бүрэлдэхүүний ихэнх тоглогчид хамгийн сүүлд түрүүлэхэд нь 4-5 настай, зарим нь бүр төрөө ч үгүй байсан болохоор ямар их хүлээлт байсан нь тодорхой. Тэд сүүлийн тойрогт хожих, хожигдохоос үл хамааран түрүүлэх болзлоо хангачихсан байсан. Гэхдээ Кристал Паласын талбайд, тэр дундаа аваргын баяраа хожигдсон мэдрэмжтэй тэмдэглэх нь ямар олиг байх вэ. Эхний гоолыг Бразилчуудын оролцоотой бүтээсэн. Арсеналын Габриель Мартинелли нутаг нэгт Габриель Жесуст дамжуулснаар тооны харьцааг нээлээ. Нэгдүгээр үеийн төсггөлд болсон энэ үйл явдал багийнхандаа урам зориг өгсөн нь дамжиггүй. Улмаар тоглолтын 48 дахь минутад Кай Хаверцын дамжуулалтаар, булангийн цохилтоос Дони Мадуеке гоолдсоноор тооны харьцааг холдуулсан юм. Ингэснээр тэд энэ улиралд хөдөлгөөний бөмбөгнөөс 19 дэх гоолоо оруулсан нь энэ. Эцсийн мөчид талбайн эздийн тоглолт илт сэргэж 89 дэх минутад Ереми Пиногийн дамжуулалтаар Матета гоолдсоноор тооны харьцааг ойртуулсан. Үүнээс ердөө хоёрхон минутын дараа Ереми Пино гоолдсон ч отон тоглолт байж энэ гоолыг тооцоогүй. Хэрэв энэ гоол орсон бол тоглолт тэнцээгээр өндөрлөх байлаа.

“Аваргын болзлоо хангасан тэр мөчид би гэртээ байлаа. Арын цэцэрлэгийн хаалгыг онгойлгоод том хүү маань орж ирсэн. Намайг тэврээд уйлахдаа “Ааваа, бид аварга боллоо” гэж хэлсэн юм шүү. Үнэхээр гайхалтай мэдрэмж. Ийм мэдрэмжийг олон аваад байхгүй байх” гэж Арсеналын дасгалжуулагч Микель Артета хэлсэн юм.

Одоо тэдэнд дуусгаагүй нэг ажил үлдсэн. Энэ бол Аваргуудын лигийн шигшээ тоглолт. Тэд энэ сарын 31-нд Унгарын нийслэл Будапешт хотноо дэлдэн чихт цомын төлөөнөө Францын аварга Пари Сен-Жермен клубтэй өрсөлдөнө.


Гуардиолагийн эрин өндөрлөлөө

Уг нь гэрээ нь дуусахад дахиад нэг улирал дутуу байсан юм. Гэхдээ улирлын дундуур орон гаран байсныхаа горыг амсаж аваргын титмээ Хойд Лондоны багт алдсан. Гуардиола магадгүй улирлын дундуур багаасаа явах шийдвэрээ гаргачихсан байсан байх. Үүнийг би биш Скай спортсынхон таамагласан юм шүү. Пеп Гуардиола 2016/17 оны улиралд ирснээсээ хойш зургаан удаа түрүүлэхдээ, дөрөв дараалж аваргалж байлаа. Холбооны цомд гурван удаа, Лигийн цомд таван удаа, Коммюнити Шильдийг гурван удаа түрүүлсэн. Багийнхаа түүхэнд анх удаагаа Аваргуудын лигт түрүүлж, Европын супер цомд нэг, Клубуудийн дэлхийн аваргад нэг удаа түрүүлсэн. Магадгүй түүний хөшөө хэзээ нэг өдөр цэнгэлдэхийнх нь урд сүндэрлэх байх. Ямартаа ч түүнийг үдэн гаргахдаа цэнгэлдэхийнхээ нэг жигүүрийг Пеп Гуардиолагийн нэрээр нэрлэсэн билээ. Үдэн гаргах ёслолын үеэр Пеп Гуардиола хөгжөөн дэмжигчдэдээ хандан хэлэхдээ “Үнэхээр их сандарч байна. Та бүхэн надад ямар их хайртай юм бэ? Би хайрын хэмжээг хэзээ ч төсөөлж байгаагүй. Бүтэн 10 жилийн турш багийнхаа менежерээр ажилласандаа баяртай байна. Та бүхэн надад асар их хүндлэл үзүүлж байлаа. Гайхалтай байна” гэсэн юм.

Гуардиолагийн эринд мандаж, өөрийгөө олсон хоёр том тоглогч багаа орхиж байгаагаа зарласан нь Бернарду Сильва, Жон Стоунс нар байлаа. Бернарду Сильва Ситичүүдийн төлөө есөн жил тоглосон. Үндсэн багийн ахлагч болтлоо дэвшсэн тэрээр дасгалжуулагчийнхаа хамтаар клубийн түвшинд өргөж болох бүх цомыг өргөсөн юм. Гайхалтай хамгаалагч болтлоо дэвшсэн Жон Стоунс ч арван жилийг Ситид үдэхдээ өргөж үзээгүй цом байхгүй. Одоогоор тэд ямар багт очих нь тодорхойгүй байна.


Ливерпүүлийн төлөөх сүүлийн тоглолт

Хөгжөөн дэмжигчдээсээ сайн үнэлгээ авч чадахгүй байгаа Арне Шлот үлдсэн ч чухал хоёр тоглогч нь багаа орхиж буйгаа зарлалаа. Тэд бол Мо Салах, Энди Робертсон нар. Магадгүй багийнхаа сүүлийн 10 жилийн домог гэж нэрлэгдэх энэ хоёр тоглогч багтаа ямар чухал байсныг хөгжөөн дэмжигчид нь хэлээд өгөх байх. Египетийн шигшээ багийн тоглогч Мо Салах есөн жилийг Ливерпүүлд үдэхдээ 315 тоглолтод 191 гоол оруулж багийнхаа түүхэнд нэрээ мөнхөлж чадсан. Ингэхдээ Премьерлигийн улирлын шилдгээр хоёр удаа, шилдэг найруулагчаар хоёр удаа, мэргэжлийн тоглогчдын холбооны жилийн шилдгээр дөрвөн удаа, хөлбөмбөгийн сэтгүүлчдийн холбооны жилийн шилдгээр гурван удаа нэрлэгдэж нэрээ цуурайтуулж байлаа.

Энди Робертсон. Шотландын болон Ливерпүүл клубийн ахлагч тэрээр Мо Салахтай зэрэг Улаануудад нэгдэж байсан түүхтэй. Зүүн жигүүрийн хамгаалагч тэрээр Ливерпүүлийн арын хамгаалалт болон довтолгоонд шилждэг хэсгийн чухал хүн гэж тодотгож болно. Тэд хамтдаа Премьер лиг болон Лигийн цомд хоёр удаа, холбооны цомд нэг удаа, Аваргуудын лигт нэг удаа, Европын супер цом болон Клубуудийн ДАШТ-д нэг удаа түрүүлж байсан юм.


Шинэ рекорд

Аливаа улс орны дээд лигт улирал бүр шинэ дээд амжилт бүртгэгдээд байх нь ховор. Гэвч Премьер лигийн энэ улиралд оновчтой дамжуулалтын рекорд эвдэгдлээ. Эвдсэн “этгээд” нь Бруну Фернандеш байлаа. Португал шидтэн энэ улиралд 21 дамжуулалтыг оновчтой гүйцэтгэснээр шинэ амжилт тогтоосон юм. Тэрээр сүүлийн тойрогт Брайтоны эсрэг тоглохдоо 33 дахь минутад Патрик Доргуд дамжуулалт өгснөөр рекорд амжилтын эзэн болсон. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Патрик Доргугийн дамжуулалтаар өөрөө гоолдсоноор энэ улирлыг амжилт, ялалт дүүрэн өндөрлүүллээ. Тэрээр есөн гоол оруулснаар багийнхаа 30 гоолд оролцсон. Гайхалтай биш гэж үү.


Тоттенхем үлдэж, Уест Хем уналаа

Сүүлийн хоёр жил мордохын хазгай байсан Тоттенхемчүүд эцсийн мөчид ялалт байгуулснаар Премьер лигтээ үлдэж чадлаа. Багийн бүрэлдэхүүн ямар ч багтай өрсөлдөхөөр зузаан байсан энэ клубийн юу нь болохгүй байсныг бурхан, дасгалжуулагч хоёр л мэдэх байх. Ялангуяа гэртээ тун тааруу тоглосон тэд айлын талбайд сайн тоглоогүй бол Уолвестай хөтлөлцөөд доош унах байлаа. Тоттенхемчүүд сүүлийн тойрогт Эвертонтой учраа таарч Палиньягийн цор ганц гоолоор ийнхүү дээд лигтээ үлдсэн юм. Гоолын боломж болон өрсөлдөгчийнхөө хаалганд цохисон амжилттай цохилтуудаар тэргүүлсэн тэд гоолын зөрүүг холдуулж болох байсан ч тэгээгүй. Дээрээс нь Эвертон клуб 75-аас хойш минутад харьцангуй илүү бөмбөг эзэмшиж байсныг дурдах нь зүйтэй.

Эсрэгрээ Лондон хотын түүхтэй клубуудийн нэг, гурван жилийн өмнө Европын Конференс лигт түрүүлж асан Алхнууд доош унахаар боллоо. Хэдийгээр тэд сүүлийн тойрогт Лийдс Клубийг 3-0 ялсан ч, дээд лигт үлдэхэд хангалтгүй байжээ. 16 жил дээд лигт өрсөлдөж, амаргүй өрсөлдөгчдийн нэг байсан тэд ийнхүү доош уналаа. Томоохон тоглогчид нь багтайгаа гэрээгээ сунгахгүй тухай хөлбөмбөгийн хэвлэлүүд мэдээлж байна. Магадгүй Нуно Эшпириту Санту ч багтаа үлдэхгүй байж мэднэ. Доод лигийн өрсөлдөөн ширүүн болсон энэ цагт тэд ирэх улиралд нягт тоглож чадахгүй л бол хэдэн улирал доор эргэлдэж магадгүй. Уг нь Лондон хотод шинэ цэнгэлдэхтэй болсон. Хурдан л дээш дэвшихгүй бол арчлалтын зардал нь Лондон хотод их өр болж нэмэгдэхээр байгаа.


Сандерленд, Борнмут Европын тавцанд

Тэд Европ руу зүглэхгүй ч байж болох байсан. Гагцхүү өөрсдөөс нь шалтгаалах байлаа. Сандерленд сүүлийн тойрогт Челситэй таарсан. Ихэнх мэргэжилтнүүд тэднийг хожигдоно гэж таамаглаж байсан. Гэхдээ Челси орон гаран байсан болохоор Сандерлендэд боломж бага ч атугай байсан гэсэн үг. Тоглолтын эхэнд Сандерленд клубээс 25 дахь минутад Трей Юум оруулж тооны харьцааг нээсэн бол хоёр дахь гоолыг Челсигээс Мало Густо өөрийн хаалганд оруулснаар “Хар муурнууд” итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр статистикийн хувьд Челсигийнхэн эзэрхийлсэн ч үр дүн тэдний эсрэг байсан юм. Ядаж байхад яр гэгчээр тоглолтын 62 дахь минутад Весли Фофана хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг орхисон. Хүн дутуу болсон тэд нэмж гоол алдахгүй байхаас өөр аргагүй болж, тоглолт 2-1-ээр Сандерлендийн тэргүүллээр өндөрлөсөн билээ.

Борнмутын хувьд өөрсдөө ялахаас гадна, дээр нь явж буй Брентфордыг бүдрээсэй гэж бодохоос өөр аргагүй байсан. Тэд сүүлийн тойрогт Ноттингем Форесттой учраас таарч харамсалтай нь 1-1 тэнцсэн юм. Ойн иргэдийн талбайд зочлох энэ тоглолт амаргүй байх нь тодорхой байсан. Үүнийг батлах мэт эхний гоолыг 34 дэх минутад талбайн эздээс Морган Гиббс-Уайт оруулж, тооны харьцааг нээлээ. Үүнээс хойш эзэд уулгалсан хэд, хэдэн довтолгоо гүйцэтгэсэн ч тусыг эс олсон. Улмаар тоглолтын хоёрдугаар үеийн 54 дэх минутад Маркус Таварньер оруулснаар тоглолтыг тэнцүүллээ. Бөмбөг эзэмшилт болон гоолын боломжоор тэд илүү байсан. Гагцхүү хаалгаа л онохгүй байлаа. Эсрэгээр талбайн эзэд гоолын боломж илүү, хаалга руу оновчтой цохисон цохилт ч илүү байсан. Гэвч эцсийн дүндээ ялалт байгуулалгүй эвийн гэрээгээр өндөрлөсөн. Ингээд нөгөө талд Брентфорд клуб Ливерпүүлийн талбайд зочилж 1-1 тэнцсэнээр Борнмут Европын тавцанд өрсөлдөхөөр болсон билээ.


Премьер лигийн хүснэгт 2025/26

1. Арсенал 85 оноо

2. Манчестер Сити 78 оноо

3. Манчестер Юнайтед 71 оноо

4. Астон Вилла 65 оноо 

5. Ливерпүүл 60 оноо

6. Борнмут 57 оноо

7. Сандерленд 54 оноо

8. Брайтон 53 оноо

9. Брентфорд 53 оноо

10. Челси 52 оноо

11. Фулхем 52 оноо

12. Ньюкастл Юнайтед 49 оноо

13. Эвертон 49 оноо

14. Лийдс 47 оноо

15. Кристал Палас 45 оноо

16. Ноттингем Форест 44 оноо

17. Тоттехем Хотспур 41 оноо

18. Уест Хем Юнайтед 39 оноо 

19. Бөрнли 22 оноо

20. Уолверхэмптон Уондерэрс 20 оноо 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top