"МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр /2026.05.24/ ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй эрхмүүд болон Монгол Улсад иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж буй компани, аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөл оролцлоо.

 

 

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-д Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өглөө.

Баярын хуралд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.

2025 оны байдлаар Монгол Улсын иргэний нисэхийн салбар олон улсын чиглэлд 2 сая гаруй, орон нутгийн чиглэлд 442 мянга гаруй зорчигч тээвэрлэж, нийт зорчигчийн урсгал 2.4 саяд хүрлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 51 хувиар өссөн үзүүлэлт юм.

“МИАТ” ТӨХК нь өнөөдөр 10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулжээ.

Мөн тус компани нь төрийн өмчит компаниуд дундаа тогтвортой, үр ашигтай ажиллаж буй шилдэг байгууллагын нэг бөгөөд Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр 16 жил дараалан шалгарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top