УИХ-ыг тараах тухай санааг зарим гишүүд цухалзуулж байгаа харагдана лээ. Улс төрийн гортигны гадуур үлдэхээс айсан гишүүдийн үг гэж бодоод тоохгүй өнгөрч болох л доо. Гэхдээ бүрэлдээд хоёр жилийн дотор гурван засаг, тав зургаан сайд сольсон энэ парламент ер нь тарсан ч яадаг юм. Улаан өнгөтэй ч цэнхэр батлахтай нэгэн субъект улс орны нэгдмэл байдлыг хадгалахын тулд парламентаа хадгалах хэрэгтэй гэж гөрдөнө лээ. Ер нь ч тэгээд УИХ-ын ээлжит болон ээлжит бус сонгууль зарлахаар л улс орон салж сарнина гэсэн үг биш. Тийм хэврэг төр ч гэж юу байхав. Ер нь ч тэгээд засаглаж чадахгүй бол эртхэн тараад дараагийн гишүүдийг сонгох хэрэгтэй. Ээлжит бус сонгууль зарлабал олон ч хүний бөгсөн дээр бүлээн жин тавина даа.
Инфляц хоёр жилийн дотор дөрвөн хувиар өслөө, тар. Монголбанк бодлогын хүүгээ 1.5 хувиар өсгөж, хувь хүний өр, орлогын харьцааг 40 хувьд хүргэж чангарууллаа, тар. Төгрөгийн худалдан авах чадвар эдийн засгийн хямралд өртсөн орон лугаа адил болж шалдаа уналаа, тар. Мах, нарийн ногооны үнэ даруй 5000 төгрөгөөр өслөө, тар. Дунд сургулийн хүүхдүүд сурах бичиггүй, сурах бичиг түрээсийн үйлчилгээ нэвтэртлээ шалдаа буулаа, тар. Хууль дээдлэх ёс, авлигын үзүүлэлт, ардчиллын үнэт зүйл, хэвлэлийн эрх чөлөөгөөр уналаа, тар. Шатахуунд уур бухимад, цаг хугацаагаа алдан байж дугаарлах боллоо, тар. Тог, цахилгаанаа хуваарь гаргаж таслуулдаг боллоо, тар. Улс төрийн бүхэл бүтэн нэг эвслийн дарга нь эрх баригчидтай “энх ургийн гэрээ” байгуулаад “эргээд намдаа ор гэсэн” гэж ичих ч үгүй хэлдэг боллоо, тар. Гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдчихоод байхад л гүрийгээд гишүүнийхээ суудалд суудаг боллоо, тар.
Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэн барин, Үндсэн хуулиа зөрчин УИХ-ын чуулган даргалсан субъект мэргэн цэцэн үг айлдаад суудаг боллоо, тар.
Хичээлдээ суудаггүй байсан айлын эрх охин төрийн гэм зэмгүй ажилтнуудыг УИХ-ын гишүүний ширээн дээр зандрах хүртлээ ялзарлаа, тар. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь жагсаалтын тэргүүн эгнээнд багтчихаад гишүүний өрөө жижигхэн байна гэж ямбалах боллоо, тар. Жагсаалтын “номер 1” төлөвлө, тооцоол, хариуцлагатай бай гэж хоёр жил сургааль айлдлаа, тар. Тооноор орж ирэгсэд ах нарынхаа эрх мэдлийн бамбай болж УИХ-ын хууль тогтоох чадамжийг алдагдуулах дээрээ туллаа, тар. Сөрөг хүчин нь зайрмагны цехийн атганд ороод улс төрийн акц хийж ч чадахгүй дээрээ туллаа, тар. Парламентын танхимд хэрэг ярьж хүмүүс ичээж, хүн амины хэргээр айлгах хүртлээ “детектив” боллоо, тар. Төрийн мэдлийн компани байгуулж нэг, тарааж нэг тоглолоо, тар. Төрийн өмчит компаниудын алдагдал нь орлогоосоо хэд дахин өсөх атлаа, толгойлж буй захирал нь 20 саяас илүүг авах боллоо, тар. УИХ-ын чуулганы ирц ч бүрдэхгүй дээрээ тулж, засаглалын гацаанд орох боллоо, тар. Уучлал гуй, үгүй бол хуралд суухгүй гэж тунирхдаг боллоо, тар. Хаа байсан АНУ-д бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хэргээр ял аваад, шоронд байхдаа нас барсан этгээдээр сонсгол зохион байгуулах гэж байна, тар.
МАН засагласан сүүлийн арван жилд ер нь л өөдөлсөнгүй. Татвар л нэмэгдээд байдаг. Бүр хотын татвар гэж хаана ч байхгүй нэг татвар гаргаж ирээд саагаад л байхад таг байсан. Шатахуун нөөцлүүр байхгүй, тэр ч бүү хэл манай улсын нэр дээр өөр улсын хүн миссийн тэмцээнд оролцож байхад тусгаар улсын хувиар байр сууриа илэрхийлж ч чадахгүй мөртлөө мега мөрөөдөл, мега тоо ярьсаар хэдэн оныг үдлээ. Яаж ч том юм ярьсан мөнхийн эрх ашгаа бодоод төсвийг саахыг л түшээд маань боддог болж. Тэгээд ч зээл авч онгоцны буудлаа засна, зээл авч өмхий, самхаагаа арилгана, зээл авч станц барина, зээл авч зам тавина.
Зээлээс, зээлийн хооронд л манай засаг эргэлдэнэ. Гэх мөртлөө эдийн засгийн бодлогын алдааг ард иргэддээ үүрүүлээд хэрэглээний зээлийг багасгах бодлого баримталж байна.
Эндээс засаглаж чадахгүй гэдэг нь тодорхой харагдана. Чадахгүй бол тараад дараагийн боломжийг олгох хэрэгтэй!

Сэтгэгдэл ( 0 )