Өнөөдөр /2026.09.17/ иргэн Г.Майцэцэг НӨАТ-ын хууль монополь компаниудад давуу боломж олгож НӨАТ-ын татвараас чөлөөлж, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдээс татвар авч байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэгш шинэчлэл 13.10" нэртэй Төрийн бус байгууллага байгуулан хуулийн төсөл боловсруулан өргөн барих гэж байгаа талаараа олон нийтэд мэдээллээ.
Түүнчлэн тэрбээр "Нэмүү өртгийн албан татварын хуульд байх 13,10 гэх заалтыг өөрчлөх зорилготой байна. НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч буюу иргэд төлдөг. Тийм учраас улс орнууд зарим бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, дотооддоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодын бүтээгдэхүүнийг иргэддээ хямд үнээр хүргэдэг.
Энэ утгаараа 2015 онд НӨАТ-ын хуулиндаа өөрчлөлт оруулж “Монгол улсад үйлдвэрлэгдсэн сүү, гурил мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн” байдаг. Гэтэл 11 жилийн турш өнөөдрийг хүртэлх хугацаанд монополь болсон таван аж ахуйн нэгж л энэ эрхийг эдэлж ирсэн байна.
Жишээлбэл, “Номин” супермаркетад сүү 5200 төгрөг. Энэ нь улсад ямар ч татвар төлөхгүйгээр ашиг болон очиж байгаа. Харин 8 нэрийн жижиг хүнсний дэлгүүрт сүү 5700 төгрөг. Иргэд татвартай үнээр авч байгаа юм. Өөрөөр хэлбэл 8 нэрийн дэлгүүрт татварын хууль ижил тэгш үйлчилж байсан бол иргэд 4400 төгрөгөөр сүүгээ худалдаж авах юм. Тиймээс НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөө талаас жижиг дунд бизнес эрхлэгчид ч гэсэн монополь компаниуд шиг ашигтай ажиллах хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )