Hоёр нисэх буудлын үйл ажиллагааг уялдуулан ажиллах боломжийн талаар хэлэлцлээ

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Мицубиши” корпорацийн Тээвэр, усны дэд бүтцийн газрын Ерөнхий менежер Нагамицү Наозүми тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж, барилгын ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллах тухай болон агаарын тээврийн өсөлттэй холбоотойгоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, хоёр нисэх буудлын үйл ажиллагааг уялдуулан ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Мөн “Чингис хаан” нисэх буудлын үйлчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх, цаашид нисэх буудлын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар санал солилцлоо. Тухайлбал, салбарын сайдын зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн ч өнөөгийн дахинд үүсээд байгаа хямралт нөхцөл байдал, агаарын хөлгийн шатахууны үнийн өсөлт, цар тахлын үр нөлөө бүрэн арилаагүй байгаа зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн улмаас дотоодын агаарын тээвэрлэгчдэд санхүүгийн хүндрэлтэй байдал бий болоод байгаа тул нисэх буудлын үйлчилгээний төлбөр хурамжийг оновчтой байдлаар тогтоох боломжийг хамтран эрэлхийлэх, харилцан буулт хийж дундын гарц шийдлийг олох, цаашид улам хуримтлагдан хүндрэл үүсэхээс хэрхэн зайлсхийн талаарбайр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох их багтаамжийн хөнгөн галт тэрэг (MRT)-ийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг хамтран судалах саналыг дэвшүүллээ.

Уулзалтын төгсгөлд, “Мицубиши” корпорацийн зүгээс Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тавьсан саналыг анхааралтай судалж үзэх, “Буянт-Ухаа” нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, менежментийн хамтын ажиллагаа, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх асуудалд анхаарал хандуулан дундын гарц шийдлийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ.

Мөн талууд MRT төслийн санхүүжилтийн боломжийг цаашид хамтран судалж ажиллахаар санал нэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top