"Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёрдогч төв"-ийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
10 минутын өмнө

Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг бид өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Зуун жилийн түүхэн замналын туршид манай нисэхийн салбар улс орны хөгжил, олон улсын харилцаа, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

Тэгвэл иргэний нисэхийн шинэ зууны эхлэл, салбарын стратегийн ач холбогдол бүхий түүхэн бүтээн байгуулалт болох Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёрдогч (нөөц) төвийн цогцолборын шав тавих ёслолыг Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулж байна.

Өнөөдрийг хүртэл манай улс уудам агаарын орон зайнхаа нислэгийн хөдөлгөөнийг зөвхөн Улаанбаатар хот дахь ганц төвөөс удирдаж ирсэн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр онцгой нөхцөл байдал, байгалийн гамшиг үүссэн үед ч агаарын навигацийн үйлчилгээг нэг хором ч тасалдуулахгүй, Улаанбаатар хот дахь үндсэн төвтэй зэрэгцэн ажиллах бүрэн хүчин чадалтай үндэсний хэмжээний БИЕ ДААСАН ХОЁРДОГЧ ТӨВТЭЙ болох түүхэн эргэлтийн цэг тавигдаж байна.

Монгол Улсын агаарын зайн найдвартай байдлыг дэлхийн түвшинд шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой. Нислэгийн удирдлагын системийг дэлхийд тэргүүлэгч Франц Улсын Thales компанитай хамтран шинэчилж, Францын Төрийн хөрөнго оруулалтын банк (Bpifrance)-ны экспортын зээлээр, навигацийн хураамжийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, төсөвт дарамтгүйгээр санхүүжүүлнэ

Төвийн барилгаас гадна ажилчдад зориулсан 9 давхар орон сууц, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, орчин үеийн спорт комплекс, ногоон байгууламжийг хамтад нь цогцоор шийдэж байна. Төсөл хэрэгжсэнээр говийн бүсэд 200 гаруй байнгын ажлын байр шинээр бий болох бөгөөд өндөр мэргэшил шаардсан 40 нислэгийн удирдагчийг Франц Улсын ENAC зэрэг дэлхийн шилдэг сургалтын байгууллагад үе шаттайгаар бэлтгэхээр төлөвлөжээ.

Төслийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top