Төмөр замын стратегийн төслүүдэд санхүүжилт татах боломжийг хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
16 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.25) Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Бизнес хөгжүүлэлт болон харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол Улсын нисэх болон төмөр замын салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт, экспортын санхүүжилт татах, хамтран ажиллах боломжуудын тухай санал солилцлоо.

Уулзалтаар талууд Монгол Улсын тээврийн салбарын дэд бүтцийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд иргэний нисэх болон төмөр замын салбарт урт хугацааны санхүүжилтийн боломжийг ашиглах, олон улсын стандартад нийцсэн техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын нисэхийн салбарыг олон улсын транзит зангилаа болгон хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон урт хугацаат санхүүжилт татах шаардлага тулгамдаж байгааг дурьдаад, нисэхийн салбарт аюулгүй байдлыг сайжруулах, орон нутгийн болон олон улсын нисэх буудлуудын хүчин чадлыг өргөтгөх томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгааг танилцууллаа.

Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төслийг шуурхай хэрэгжүүлэхээр хоёр улсын талууд албан ёсоор тохиролцон бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын навигацийн систем, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх томоохон стратеги, төслүүд амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын зангилаа болон боомт болгон хөгжүүлэх ажлуудыг шат дараатай төлөвлөөд ажиллаж байгааг дурьдлаа.

Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх хүрээнд Өмнөговийн "Гурвансайхан" болон Хөвсгөлийн "Мөрөн" нисэх буудлуудад хийгдсэн олон улсын шууд нислэгийг өнгөрсөн оноос амжилттай зохион байгуулж эхлээд байгааг танилцууллаа.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд агаарын тээврээр зорчигчдын тоо эрс нэмэгдэж, жилд 2.2-2.4 сая зорчигч тээвэрлэж байна, гаднаас ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Тиймээс дотоодын агаарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд агаарын хөлгийн парк шинэчлэх, шинэ агаарын хөлөг авах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын хөрөнгө оруулагч байгууллагууд, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр мөн төмөр замын салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүд, төмөр замын дэд бүтцийн шинэчлэлд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжийн талаар санал солилцлооо. Зам, тээврийн салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, экспортын зээл, урт хугацааны санхүүжилтийн шинэ боломжуудыг ашиглах нь чухал болохыг талууд онцоллоо.

Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн зүгээс Монгол Улсын тээврийн салбарын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, цаашид санхүүжилтийн боломжтой төслүүд дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд талууд нисэх болон төмөр замын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, санхүүжилтийн боломжийг нарийвчлан судалж, цаашдын хамтын ажиллагааг бодит төсөлд тулгуурлан өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Уулзалтад Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Бизнес хөгжүүлэлт болон харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах, Бизнес хөгжүүлэлтийн бүс хариуцсан дарга Крис Аллумь болон Монгол Улс дахь Британийн Элчин сайдын яамны Эдийн засгийн өсөлт, хөгжлийн хэлтсийн дарга А.Элбэгсайхан, Бизнес, худалдааны хэлтсийн дарга С.Онон, Худалдаа, хөрөнгө оруулалтын ажилтан Б.Тунгалаг нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top