Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.09.21) БНХАУ-ын “AVIC International” компанийн Ерөнхийлөгч Song Ling тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг бодит төсөл хөтөлбөрөөр өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.
Уулзалтын үеэр салбарын сайд Улаанбаатар хот болон Сайншандын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-үүдэд шаардлагатай 40 нислэгийн удирдагч, 10 инженерийг БНХАУ-д сургах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Энэхүү сургалтыг БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд зохион байгуулах чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “AVIC International” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Зам, тээврийн сайдын зүгээс одоо ажиллаж байгаа 23 нислэгийн удирдагчийг зэрэглэл олгох сургалтад хамруулах, цаашид Монгол Улсын иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг БНХАУ-д тогтмол сургах урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэвшүүллээ.
Энэ үеэр салбарын сайд болон уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуулийн удирдлагууд нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн диспетчер, нисэхийн удирдлага, инженерчлэл болон нам өндрийн нисэх технологи зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “AVIC International” компанийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд цаашид ч бас шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгож буй холбогдох гэрчилгээг гардуулан өглөө.
Уулзалтын төгсгөлд, талууд хүний нөөцийг сургаж чадавхжуулах, техник, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр асуулт хариулт өрнүүлэн мэдээлэл солилцож, Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон БНХАУ-ын “AVIC International” компани “Харилцан ойлголцлын санамж бичиг”байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )