“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг Монголбанкнаас хэрэгжүүлж, 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд уг бүтээлийг залсан.

Тэгвэл өнөөдөр /2026.05.28/ тус баримлын эх загварт тулгуурлан “Чингис хаан”  дурсгалын зоосыг урлан бүтээж, албан ёсоор нээлтийг нь хийлээ. Зоосны эх загварыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урлан бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлаас сэдэвлэсэн ба тэрээр 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн ордны өмнөх "Их эзэн Чингис хаан", "Өгөөдэй хаан", "Хубилай хаан", "Боорчи жанжин", "Мухулай жанжин" нарын монумeнталь цогц хөшөө баримлыг бүтээж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн манай улсын нэрт барималч юм.

“Чингис хаан”  дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор  нийт зургаан төрлөөр үйлдвэрлүүлсэн бөгөөд үүнд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын зооснууд багтаж байна. Мөн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг, гоёмсог гялалзсан эффект үүсгэдэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой.

Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Их эзэн Чингис хаан нь зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Аугаа их хаан билээ. Чингис хааны нэгтгэн байгуулсан Их Монгол Улсын хөгжил нь дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмний харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, Өрнө Дорныг холбосон худалдаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, төлбөр тооцоо, соёл урлаг, шинжлэх ухааны дэвшилд таатай орчныг бүрдүүлсэн түүхэн гавьяатай гэдгийг онцлон тэмдэглэв.   

Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Уран барималч Л.Болд, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох Ц.Цэрэндорж, Б.Даваацэрэн болон Монголын зоос судлалын холбооны ерөнхийлөгч А.Эрдэнэбат нар оролцлоо.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхбхяр(66.181.161.96) 56 минутын өмнө

Оооо

0  |  0
Top