Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж зээлийн төлөлтөд хүндрэл үүссэн иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл тухайн зээл авсан иргэн гэрээний хугацаанд заасан төлбөрийг төлөхөд хүнрдэл үүссэнтохиолдолд нэмж зээл олгохгүйгээр хэрэглээний зээлийн бүтцийг өөрчлөх боломжтой болж байгаа юм. Шийдвэрээр нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Цалин, малчны болон автомашин зэрэг хэрэрглээний зээлийг өмнө нь хугацаа, өр, орлогын харьцааны хязгаар нь төлөлтийн нөхцөлийг өөрчлөхөд үйлчилдэг байсан юм. Үүнээс үүдэн тухайн зээлдэгчдийн сарын төлөрийг багасгах боломж хязгаарлагдмал байжээ.
Тодотгоход зээлийн хугацаа сунгаснаар сарын төлбөр буурах ч үндсэн өрийн хэмжээ өөрчлөгдөхгүй. Хүү тооцох хугацаа уртсах тул шинэчилсэн гэрээ, төлөлтийн хуваариас хамаарч нийт төлөх хүү нэмэгдэх магадлалтай юм.
Дээрх шийдвэрийг өнөөдрөөс албажуулж, арилжааны банкнуудад хүргүүлнэ гэж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдээллээ. Дээрх шийдвэрийн дагуу зээлийн хугацаа автоматаар сунгагдахгүй бөгөөд иргэд зээл авсан банкандаа хүсэлт гаргаж, банк өөрийн журмын дагуу шийдвэрлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )