
Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцохоор Унгар улсыг зорьжээ. Тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг тэр бүр авч чаддаггүй талаараа дурдсан тэрээр ХААН банканд хандан мөнгийг нь яаралтай гаргаж өгөхийг хүссэн юм.
Энэ тухайгаа тэрээр "Би жилийн өмнө тус банкны данснаасаа 300 доллар алдсан. Мөнгө маань банкны данснаас гадаадын данс руу шилжсэн байсан юм. Тухайн үед ХААН банкнаас надад 'Дансанд тань барилт хийгдлээ' гэсэн мессеж ирсэн. Би энэ мөнгийг шилжүүлээгүй учир шилжүүлгийг зогсоож өгөөч гэхэд тэгэх боломжгүй, цагдаагийн байгууллагад ханд гэсэн. Би цагдаагийн байгууллагад хандаад жил гаруй болж байгаа ч илрүүлж чадаагүй л байна.
ХААН банканд гомдолтой байна. Би Америкт байхдаа ч ийм асуудалд орж байсан бөгөөд тэнд бол банк нь бүх асуудлыг шийдэж өгч байсан. Худалдаа хөгжлийн банкийг би мөн тэнд ашиглаж байхад сэжигтэй гүйлгээ хийгдсэн даруйд залгаад асууж байсан. Бусад банк хөгжөөд байхад ХААН банк яагаад хөгжиж болохгүй байгаа юм бэ?
Би нэг тэмцээнд оролцохын тулд 150 долларын дөрвөн пүүзийг нийт хоёр сая орчим төгрөгөөр худалдаж авч өмсдөг. ХААН банк улсынхаа нэрийг дэлхийд гаргадаг тамирчнаа дэмждэггүй юм аа гэхэд ядаж мөнгөний маань учрыг олоод, шийдээд өгөөч" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )