Европт TikTok-ийн урамшууллын системийг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Европын комисс TikTok олон нийтийн сүлжээг дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн хоёр дахь удаагаа шалгаж байна. Шалтгаан нь TikTok Lite аппликэйшны дүрс бичлэг үзэх, лайк дарах, найзуудаа урих зэрэг даалгавар биелүүлсний төлөө олгодог урамшууллын систем юм.

Европын комиссын гишүүн Тьерри Бретоны хэлснээр, энэхүү функц нь ялангуяа хүүхдүүдийг донтуулах сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв тус платформыг эзэмшдэг Хятадын “ByteDance” компани тус функцийн эрсдэлийн үнэлгээг танилцуулахгүй бол Европын комисс энэхүү урамшууллын системийг зогсоох арга хэмжээ авах боломжтой. Дөрөвдүгээр сарын 17-нд Европын комисс тус компаниас тайланг нэг хоногийн дотор танилцуулахыг хүссэн ч тус компани ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Энэ удаагийн шалгалтаар Европын комисс нэг хоногийн дотор эрсдэлийг үнэлгээг танилцуулах, тавдугаар сарын 3-аас өмнө шаардлагатай мэдээллийг өгөх шаардлага тавьжээ. Эс бөгөөс Европын комиссын зүгээс “ByteDance” компанид торгууль ногдуулах эсвэл Европын Холбооны нутаг дэвсгэрт “TikTok Lite” платформын урамшууллын системийг зогсоох зэрэг арга хэмжээ авна.

Энэ оны хоёрдугаар сарын 19-нд Европын комисс тус платформыг дижитал үйлчилгээний тухай хуулийн насанд хүрээгүй хэрэглэгчдийг хамгаалах заалтыг зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэн шалгалт эхлүүлж байв. Европын комисс ямар нэгэн зөрчил илрүүлбэл тус платформын нийт орлогын зургаан хувь хүртэл хэмжээний торгууль ногдуулах боломжтой.

Хоёрдугаар сарын 17-нд хүчин төгөлдөр болсон хуулиар IT корпорацууд насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгаа явуулахгүй байх, хэрэглэгчдийн шашин шүтлэг, хүйс болон бэлгийн чиг хандлага зэрэг хувийн мэдээлэлд тулгуурлан зар сурталчилгаанд ашиглахыг хориглосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top