ЕХ Хятадын “Temu” онлайн дэлгүүрт 200 сая еврогийн торгууль ногдуулав

Я.Болор | Zindaa.mn
9 цагийн өмнө

Европын Холбоо Хятадын онлайн худалдаа эрхлэгч “Temu” компанид онлайн платформоор нь хууль бус бараа, тэр дундаа хүүхдэд аюултай тоглоом, гэмтэлтэй цэнэглэгч зарсны төлөө 200 сая еврогийн торгууль ногдуулахаар болжээ.

Тус компани тухайн бараанууд хэрэглэгчдэд учруулах хохирлын эрсдэлийг цаг тухайд нь илрүүлж, үнэлэх шаардлагатай арга хэмжээ авч, хяналт тавиагүй гэж Европын комисс үзэж байна.

Харин “Temu” компани тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

ЕХ 2024 оны аравдугаар сараас эхлэн “Temu” маркетплейсийг шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сард тус платформ хууль бус бүтээгдэхүүн илрүүлэх эрсдэлтэй холбоотой дүрмийг зөрчсөн хэмээн дүгнэжээ.

Шалгалтын явцад хараат бус шинжээчид тус платформоор захиалан авсан цэнэглэгч нь цахилгааны аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүй болохыг тогтоожээ. Мөн хүүхдийн тоглоомуудын ихэнхэд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан хэмжээтэй химийн бодис илрүүлсэн байна.

Торгууль төлөхөөс гадна “Temu” компани ирэх наймдугаар сарын 28-аас өмнө илрүүлсэн зөрчлийг арилгах төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. Үүний дараа Европын комисс хоёр сарын дотор тус компани шаардлагыг нь биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргах юм.

“Temu” компанийн төлөөлөгч тодорхой дүрэм, журмыг хүндэтгэдэг болохыг мэдэгдээд тус шийдвэр нь 2024 онд хамаарах бөгөөд платформын өнөөгийн нөхцөл байдлыг тусгаагүй гэжээ. Түүнчлэн, Европын комисс хэт өндөр торгууль ногдуулсныг онцолсон байна.

Энэ нь ЕХ-ны цахим үйлчилгээний хуулийн дагуу торгууль ногдуулж байгаа хоёрдох тохиолдол юм. Анхных нь Х сүлжээнд 120 сая еврогийн торгууль ногдуулж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top