ЕХ-ны Арктикийн бүс нутгийн шинэчилсэн стратегид далайн гүнд кабель татах, ашигт малтмал олборлох, аюулгүй байдал болон бусад асуудлуудыг тусгажээ.
Ггеополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Европын Холбоо Хойд туйлын бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэнд найдвартай дэд бүтэц бий болгоход хөрөнгө оруулалт хийх, мөн эдийн засгийн боломжоо өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Энэ тухай Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ЕХ-ны Арктикийн бүс нутгийн шинэчилсэн стратегийг танилцуулах үеэрээ мэдэгдэв.
Уг баримт бичигт түүхий эдийн нөөцийн хүртээмж, мөс зүсэгч хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэх, түүнчлэн далайн гүнд кабель татах зэрэг асуудлуудыг чухалчилж байна.
ЕХ-ны Арктикийг эзэмших өнөөгийн стратеги нь 2021 оны баримт бичгийг шинэчилсэн хувилбар. Олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Йозеф Сикелагийн тайлбарласнаар, уг стратеги нь цаг уурын хурдацтай өөрчлөлтөөс эхлээд геополитик, аюулгүй байдлын салбарт хурцадмал байдал нэмэгдэж буй зэрэг тус бүс нутгийн хамгийн тулгамдсан сорилтуудад чиглэгджээ.
ЕХ-ны Арктикийн стратегид Гринландыг Европын эх газартай холбох кабелийг тус бүс нутагт татахаар тусгасан байна. Энэхүү кабель нь Европыг Канад, Япон, Өмнөд Солонгостой холбох сүлжээний нэг хэсэг болох аж.
Атлантын далайн хойд хэсэг болон Арктик дахь усан доорх кабелийн хамгаалалтыг хангах, тэдгээрийг засварлахад туслах зорилгоор тусгай ажиглалтын төв байгуулахаар төлөвлөж байна. Цаашид уг төвийг ОХУ-ын "сүүдрийн хөлөг" гэгддэг хөлөг онгоцуудыг хянах, түүнчлэн хууль бус загас агнуур эрхэлдэг эсвэл далай тэнгисийг бохирдуулахад оролцсон хөлөг онгоцуудыг илрүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.
Брюссель Европын “IRIS²” хөтөлбөрийн хүрээнд Арктикт хиймэл дагуулын холбооны систем байгуулахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЕХ 2030 он гэхэд ЕХ-ны орнуудын засгийн газруудыг аюулгүй холбоогоор хангах зорилгоор дэлхийн нам болон дунд тойрог замд 260 хиймэл дагуул байрлуулахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна ЕХ-ны Арктикийн стратеги нь мөс зүсэгч хөлөг онгоцны флотыг өргөжүүлэхийг тусгажээ. Энэ чиглэлээр ЕХ гишүүн орнууддаа эдгээр тусгай хөлөг онгоцуудыг хамтран худалдан авах, ашиглах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. AFP агентлагийн мэдээллээр, өнөөдрийн байдлаар ЕХ-ны бүх гишүүн улсад нийтдээ 10 орчим мөс зүсэгч хөлөг байна. Харьцуулбал, ОХУ-д ийм хөлөг онгоц 40 орчим байдаг аж.
Европын комиссар Йозеф Сикелагийн онцолсноор, Оросын Украины эсрэг хийж буй дайн нөхцөл байдлыг тэр чигт нь өөрчилсөн. Арктикийн бүс нутгийн орнуудад хамтарч ажиллахад төвөгтэй болсныг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Арктик бол геополитикийн асар чухал бүс нутаг юм. Энэ бол Европын Холбооны нэг хэсэг юм гэж Урсула фон дер Ляйен мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )