АНУ-ын эргийн хамгаалалтын албаны шинэ мөс зүсэгч хөлөг Хойд туйлд амжилттай аялснаар тус бүс нутагт төрөл бүрийн цэргийн ажиллагаа явуулах боломжтой гэдгээ харууллаа.
2025 оны наймдугаар сард ашиглалтад оруулсан “Storis” мөс зүсэгч хөлөг Хойд мөсөн далай, Аляскийн бүсэд 133 хоногийн турш нийт 31,500 км замын туулжээ. Энэ хугацаанд тус хөлөг Арктикийн бүсэд судалгааны үйл ажиллагаа явуулж буй Хятадын төрийн далбаатай дөрвөн судалгааны хөлөг онгоцыг 300 гаруй цагийн турш дагаж, хяналт тавьсан байна. Мөн сүүлийн 20 гаруй жилд туйлын мөс зүсэгч хөлөг анх удаа хууль сахиулах тусгай үүрэг гүйцэтгэж, Берингийн тэнгист АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргаатай хамтран загас агнуурын хөлгүүдэд шалгалт хийжээ.
Түүнчлэн, байлдааны буудлагын сургуулилт хийж, хэт хүйтэн нөхцөлд нисгэгчгүй нисэх аппарат хөөргөх туршилтуудыг амжилттай явуулсан байна. Үүний сацуу АНУ-ын Үндэсний мөсний төвийн цаг уур, мөсний судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Энэхүү аялал нь АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Арктикийн бүс нутагт зөвхөн судалгаа, аврах ажиллагаа бус, хилийн хяналт, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр оролцоогоо эрчимжүүлж буйг харуулсан чухал үйл явдал боллоо гэж “Military Times” мэдээлсэн байна

Сэтгэгдэл ( 0 )