Сүүлийн үед TikTok нийгмийн сүлжээний эргэн тойрон жинхэнэ бужигнаж байна. Тус сүлжээний Америк хувилбарыг АНУ-ын талд зарахгүй бол тус улсад үйл ажиллагаагаа явуулах эрхгүй болоод байгаа. Харин сүлжээний өртгийг үнэлэхэд хялбар биш. Дэлхийд алдартай сүлжээнүүдийн нэг болох TikTok-ийг тойрсон нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх вэ?
Энэ сарын 17-нд АНУ-ын Дээд шүүх хэрэв Хятадын ByteDance компани TikTok аппыг АНУ-ын талд худалдахгүй бол үйл ажиллагааг нь АНУ-д хориглох нь хууль ёсны арга хэмжээ гэж үзэв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа хүлээн авсныхаа дараа энэхүү хоригийн үйлчлэлийг 75 хоногоор түр зогсоогоод байгаа ч болзол нь ижил.
Хэдийгээр ByteDance компанийн төлөөлөгчид сүлжээгээ зарах бодолгүй байгаагаа тодорхой мэдэгдсэн ч АНУ-ын бизнесменүүд тэр дундаа тэрбумтан Фрэнк Маккорт худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн. Харин Доналд Трамп TikTok сүлжээний АНУ дахь салбарыг Илон Маск эсвэл “Oracle” компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисонд өгөх сонирхолтой байна. Хятадын Засгийн газар мөн Илон Маскийг боломжит худалдан авагч гэж харж байгаа талаар Блүмберг агентлаг бичиж байсан билээ.
Ингэхдээ TikTok сүлжээний өртөг хамгийн гол асуудал болоод байна. Ашгийн бус Project Liberty байгууллагаар дамжуулан худалдан авах хүсэлтээ илэрхийлээд байгаа Маккортын үнэлгээгээр тус сүлжээний Америк хувилбар нь 20 тэрбум ам.долларын өртөгтэй. Гэхдээ үүнд тус аппын алгоритм систем нь ороогүй. “Wedbush” судалгааны төвийн шинжээч Дэн Айвзын үзэж буйгаар, нийгмийн сүлжээ алгоритм системтэйгээ 300 тэрбум ам.долларт хүрнэ. Харин ихэнх шинжээчид TikTok энэ үнийн талд хүрнэ гэж үзэж байна.
TikTok нь бодит үнэлгээг нь тогтооход хүндрэлтэй аппын нэг юм. Алгоритм систем буюу тухайн хэрэглэгчид тохирсон мэдээллийн урсгалыг хангадаг системийг үл тооцвол TikTok нь Хятад улсад төвтэй хувийн компанийн салбар нь юм. Ер нь бол TikTok нь Кайманы арлуудад бүртгэлтэй санхүүгийн хувьд тунгалаг гэж хэлэх боломжгүй хуурамч компаниудын охин компани. Эдгээр хүчин зүйлээс үүдэн АНУ дахь TikTok сүлжээний орлого, ашгийн хэмжээний талаарх нарийн мэдээллийг олж авах бараг боломжгүй юм. Мөн Хятадын Засгийн газар ByteDance компанийн бусад бизнесийн нэгийнх нь хувьцааг эзэмшдэг.
Аппыг худалдахаас өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдал нь түүний өртөгт нөлөөлж болзошгүй. TikTok болон ByteDance компаниудын өмгөөлөгчдийн мэдэгдсэнээр, тус сүлжээг нэг сар хаахад зар сурталчилгаанаас олох орлогын хэмжээ жилд 29 хувиар буурна.
Түүнчлэн худалдан авалтын хэлцэл тодорхой зардал дагуулна. Тус сүлжээ эцэг компанийн дэмжлэггүй болох тул бүхэл бүтэн шинэ дэд бүтэц байгуулахад нэмэлт зардал гарна.
Фрэнк Маккортын 20 тэрбумын мөрөөдөл
Тэрбумтан Фрэнк Маккорт тэргүүтэй хөрөнгө оруулагчид АНУ дахь TikTok-ийг алгоритм системгүйгээр 20 тэрбум ам.доллароор худалдан авах боломжтой гэж үзэж байна. Энэ бол тус сүлжээний өрсөлдөгч Snapchat сүлжээний дундаж өртөг.
Маккорт болон түүний 2021 онд интернэтийн шинэ дэд бүтцийг байгуулах зорилгоор үүсгэн байгуулсан “Project Liberty” ашгийн бус байгууллага, хөрөнгө оруулалтын Guggenheim Securities банк, хуулийн Kirkland & Ellis компани, хөрөнгө оруулагчдын консорциумын хамтаар тус сүлжээг худалдан авах тухай санал тавьж байв. Сүлжээгээ худалдахгүй хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан ByteDance саналыг нь хүлээн аваагүй юм.
Зах зээлийн ид шид
TikTok зэрэг технологийн компаниудын үнэлгээг тогтоохдоо ашгийг нь хэд дахин үржүүлж үнэлэх практик бий. Тус компани зар сурталчилгаа, дамжуулалт болон цахим худалдаанаас ашиг олдог. ВyteDance компанийн төв оффис байрладаг Сингапурт сүүлийн хоёр эх үүсвэрээс олсон орлого 2023 оны нийт орлогын 83 хувийг эзэлжээ. The Financial Times хэвлэлийн нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр, АНУ дахь TikTok-ийн орлого 2023 онд 16 тэрбум ам.долларт хүрсэн бол The Information эх сурвалжийн мэдээллээр, ByteDance компанийн Хятадын хилээс гадна олсон орлого 2024 оны эхний хагаст дор хаяж 40 хувиар өсжээ.
Шинжээчдийн хэлснээр, тухайн компанийн өртөг, орлогын харьцааг 6 коэффициентоор үржүүлэх ёстой аж. Энэ аргаар тооцоолбол, TikTok-ийн АНУ дахь салбарын өртөг 132 тэрбум ам.доллар болох юм.
300 тэрбумын технологи
ByteDance компанийн машин сургалт дээр суурилсан алгоритм систем нь аппын хэрэглэгчийн үйлдлийг маш нарийн тодорхойлж, хэрэглэгч бүрд зориулсан мэдээллийн урсгалыг зохиодог байна. Тус компани эл технологио худалдах талаар нэг ч үг хэлж байгаагүй бөгөөд алгоритмыг үйлдлийн компаниас нь салгаж, үнэлж байгаагүй. Харин ByteDance компанийн системийг алтны үнэтэй гэж зарим шинжээчид үздэг. Шинжээч Дэн Айвзын үзэж буйгаар, TikTok сүлжээ онцгой системийнхээ хамтаар 300 тэрбум ам.долларт хүрнэ. Ингэхдээ зар сурталчилгааны орлого нь маш өндөр гэдгийг тооцох учиртай. АНУ-д гэхэд 200 сая үнэнч хэрэглэгч бий.
Зүгээр л каркас
АНУ дахь TikTok сүлжээний орлого үнэн хэрэгтээ 13 тэрбум ам.доллар байдаг гэж “Benchmark” компанийн шинжээч Згутович үзэж байна. Алгоритмгүйгээр тус сүлжээний өртөг 55 тэрбум ам.доллар гэжээ. Харин Айвз шинжээчийн үнэлгээгээр, тус сүлжээний үнэ 40-50 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
Ямартаа ч АНУ дахь тус сүлжээний хувь заяа удахгүй шийдэгдэнэ. Хэрхэн шийдэгдэхээс үл хамааран нийгмийн сүлжээний өөрчлөгдөн буй талбар инновац, өсөлтийн онцгой боломжуудыг нээсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )